XXI зуунд эх орноосоо хөөгдсөн ч буцаад ирсэн алдартнуудын тухай мэдээллээс хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧ. 2009 онд Гондураст төрийн эргэлт болжээ. Цэргийнхэн Ерөнхийлөгч Мануэль Селайяг засгийн эрхээс түлхэн унагаж, түүнийг нийслэлээс агаарын цэргийн хүчний бааз руу авчирч, тэндээсээ хүчээр хөрш Коста-Рика улс руу нисгэжээ. Хуйвалдаанд оролцогчид үүнийгээ Гондурасын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн төдийхөн хэмээн тайлбарладаг.
Селайя хэдэн сарын дараа Гондурасын нийслэл Тегусигальпа хотдоо иржээ. Түүнийг дэмжигчид улс оронд нь цөөнгүй байгаа учир тэдний тусламжтайгаар засгийн эрхэндээ эргээд очно гэж тэр тооцоолж байв. Гэвч шинэ Засгийн газар нь онц байдал тогтоож, түлхэн унасан Ерөнхийлөгчийг дэмжчигдийн жагсаал цуглааныг хүчээр тарааж байлаа. Селайя өөрөө Бразилийн ЭСЯ-нд нуугдаж байгаад Доминиканы Бүгд Найрамдах Улс руу нисчээ.
Ийнхүү тэр 16 сарын турш тус улсад бүгсэн юм. Эцэст нь Селайя 2011 онд эх орондоо ирж, өдгөө Төв Америкийн парламентад сууж, өөрийн гэсэн намаа толгойлж байна.
ЕРӨНХИЙ САЙД. Наваз Шариф нь Пакистаны Засгийн газрыг дөрвөн удаа толгойлж, байнга л том дуулиантайгаар огцордог. 1999 онд армийн командлагч Первез Мушарраф цэргийн эргэлт зохион байгуулж, Шарифт бүх насаар нь хорих ял оноолгож дөнгөсөн юм. Удалгүй хорих ялыг нь хилийн чанад руу цөлөх болгон өөрчлөгджээ.
2007 онд Шариф энэ орондоо эргэн ирэх гэж оролдсон боловч онгоцноос буулгаагүй, эргээд нисэхээс өөр аргагүй болжээ. Дараа жил нь тэр дахин эргэн ирээд улс төрд байр сууриа эзэлсэн юм. Мушаррафыг огцорсны дараа тэр сүүлчийн удаа Засгийн газрыг тэргүүлж үзэв. Гэвч 2017 онд “Панамын баримт”-тай холбоотой дуулианаас болоод Шариф бүрэн эрхээсээ огцорч, дахиад л цагаачилсан байна. Пакистаны шүүхээс түүнд дахиад 10 жилийн хорих ял оноосон боловч эх орноо санагалзах сэтгэл нь илүү байсан бололтой, 2018 оны зун Шариф Пакистандаа эргэн иржээ. Түүнийг нисэх онгоцны буудлаас шууд баривчилсан байна. Өдгөө экс Ерөнхий сайд хориход ялаа эдэлж байгаа юм.
Энэ дашрамд дурдахад Пакистанд улстөрчийн намтар ийм өгсөж, уруудсан түүхтэй байх нь хэвийн зүйл юм. Тухайлбал Наваз Шарифыг түлхэн унагасан Первез Мушарраф огцорсныхоо дараа мөн л цөлөгдөж, дараа нь “улсаа аврах”-аар эх орондоо ирээд саатуулагдсан байдаг.
ХААН. Болгарын хаан II Симеоныг дөнгөж 9 настай байхад улс оронд нь бүх нийтийн санал хураалт болж, хаант засаглалыг халжээ. Энэ явдал 1946 онд тохиосон юм. Бяцхан хаан юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан ч гэр бүлийнхэн нь түүнийг эхлээд Египет рүү, дараа нь Испани руу авч явжээ. Энд хуучин хаан их сургуулиа дүүргэж, язгууртан гаралтай испани бүсгүйтэй сууж, томоохон компаниудад менежерээр ажиллах болсон байна. Харин 2001 онд эх орноо санаад эргэн ирэхээр шийджээ.
Симеон ирсэн даруйдаа улс төрийн үйл ажиллагаа явуулах болов. Тэрбээр өөрийнхөө нэрээр сонгуулийн эвсэл байгуулж, тэр дорхноо парламентын сонгуульд ялж, Засгийн газар бүрдүүллээ. Ийнхүү хаан Ерөнхий сайд болжээ. Түүний Засгийн газар Болгарт хуучныг сэргээж, 1946 оноос өмнө хааны гэр бүлийн эзэмшиж байсан газрыг эргүүлэн авсан байна. Тиймээс Ерөнхий сайд ажлаа өгсөнийхөө дараа томоохон газар эзэмшигч болон хувирчээ.
ОЛИГАРХИУД. 2008-2010 онд хэд хэдэн олигархи Путины Оростоо эргэн ирсэн байдаг. Хамгийн анхных нь “Ренессанс-Капитал” группийн тэргүүн байсан Олег Киселев.
Уулын баяжуулах нэгэн үйлдвэрийн хувьцааг хулгайлах гэж оролдсон хэрэгт тохсоны дараа Лондонд цагаачилсан нэгэн. Түүний араас Черкизовын захын эзэн байсан Тельман Исмаилов эх орондоо эргэн ирсэн. Түүний зах хаагдсаны дараа контрабандын хэрэг үүсгэн шалгаж эхлэх үед Исмаилов Турк руу зугтсан байдаг. Мөн “Русснефть”-ийн тэргүүн асан Михаил Гуцериев гурван жил цагаачилсны эцэст Лондоноос Оростоо иржээ.
Тэд бүгдээрээ нэг л схемээр ирсэн байдаг. Бизнесмэнүүдийг ирэхийн өмнө хэргийг нь хаадаг бөгөөд буцаж ирсэн даруйдаа Оросын эдийн засагтаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг дүрэмтэй.
Эх сурвалж: etcetera.media
Орчуулсан Э.МАРТ