Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалахын тулд дэлхийн ихэнх улс орон хөл хорио тогтоогоод буй. Гэхдээ зарим улс орнууд хол хориогоо цуцлаад байгаа юм. Тэгвэл өчигдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш дэлхий даяар нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг” зарласан талаар Reuters, Associated Press агентлагууд мэдээллээ.
Дэлхийд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106,000 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Бидний өмнө урт зам хүлээж байгааг энэ тоо харуулж байна. Сүүлийн үед дунд болон бага орлоготой улс орнуудад халдвар нэмэгдсэн нь бидний санааг хамгийн их зовоож байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын бараг гуравны хоёр нь дөрөвхөн улсад оногдож байгаа ажээ. Тэдгээр нь АНУ, ОХУ, Энэтхэг, Бразил юм.
Бразил улс халдварын тоогоор одоо дэлхийд гуравдугаарт жагсаж байгаа ба удахгүй ОХУ-ыг гүйцэж, АНУ-ын дараа орох магадлал өндөр байна.
Э.МАРТ