Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах зорилгоор хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхээр Бүгд найрамдах Франц улсын Засгийн газраас зээл 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл авахаар боллоо.
Тодруулбал, УИХ-ын чуулганы өгөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэхүү хэлэлцээрийн дагуу Бүгд найрамдах Франц улсаас нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй авах юм.
Дүүжин тээврийн зам барих төслийн эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, гурван зогсоолтой байх бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий гурван зогсоолтой шугам барихаар төлөвлөжээ. Энэ чиглэлийн бүтээн байгуулалтад 25.3 сая евро зарцуулах тооцоолол гарчээ.
Дүүжин тэврийн төслийг амжилттай хэрэгжүүлснээр Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд үйлчлүүлнэ гэж тооцсон байна. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь метро, трамвайнаас 5-8 дахин бага гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.