Дэлхийн улс орнуудын шинэ коронавирусийн тархалтын эсрэг авч буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн улс орнуудыг хөл хорионы дэглэмээ сулруулахдаа туйлын анхааралтай, нямбай хандахыг ДЭМБ Тедрос Адханом Гебрейесус зөвлөсөн” гэсэн юм.
Тодруулбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн /ДЭМБ/ Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ “Улс орнууд хөл хориог маш болгоомжтой, үе шаттайгаар цуцлахгүй бол дахин тогтоох эрсдэл маш өндөр байна” Зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг бусад хяналтын арга хэмжээнүүдийг цуцлахын өмнө эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг сайтар хангах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Энэтхэгт энэ долоо хоногоос хөл хорионы арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсний дараа халдварын тохиолдлын тоо, нас барсан хүний тоо огцом нэмэгджээ. Тус улсад өдөрт халдвараар нас барсан хүний тоо гурван долоо хоног орчмын өмнө хэдэн арваар нэмэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд 100 давжээ. Бразил, АНУ-д ч мөн халдвартай үргэлжлүүлэн тэмцсээр байгаа боловч цаашид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Бразилын нэг сая орчим оршин суугчтай Сао-Луис хот, Маранхао мужийн гурван хотод анх удаа бүрэн хөл хорио тогтоожээ.
АНУ-д халдвар хамгийн их тархсан Нью-Йорк хотоос бусад бүс нутгууд дахь халдварын түвшин өссөөр байгаа ажээ. АНУ халдварын үзүүлэлтүүдээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа юм. Тус улсад 1.2 сая хүн халдвар авч, 72 мянга орчим хүн нас барсан бөгөөд өдөрт батлагдсан шинэ тохиолдлын тоо 20 мянга гаруйгаар, нас барсан хүний тоо 1000-2000-аар нэмэгдсэн хэвээр байна.
Европын удирдагчид халдварын тоо буурах хүртэл хөл хориог сулруулахгүй гэх байр суурийг баримталж байсан боловч олон оронд хязгаарлалтыг сулруулж эхлээд байна. Герман улсын хувьд халдварын шинэ тохиолдлын тоо хязгаарлагдаагүй тохиолдолд дахин хязгаарлалт тогтооно гэж мэдэгджээ. Мөн тус улсын эрх баригчид вирус дахин тархаж болзошгүйтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Испани улс онц байдлын хугацаагаа дахин 14 хоног сунгах шийдвэрийг тус улсын парламентаас гаргажээ.