Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл явцтай танилцлаа.
Дадлага сургуулилалт болоод цаг үеийн нөхцөл байдлыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр танилцууллаа. Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб болон 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.
Тэрбээр энэ үеэр “УОК-оос санаачлан зохион байгуулж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтад амжилт хүсэхийн сацуу халдварын тархалтаас улс орноо хамгаалах хамгийн эхний алхам бол урьдчилан сэргийлэх явдал гэдгийг онцоллоо. УОК болон Засгийн газраас гаргаж буй шийдвэр хүн болгонд таалагдахгүй. Бид нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах бөгөөд хүн болгон энэхүү шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох албан хаагчид шаардлага тавьж ажиллана. Шаардлагатай нөхцөлд хуулийн хариуцлага тооцох эрхтэй. Өнөөдөр Монгол Улсад коронавирусийн халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол биднийг ямар эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулж байна. Бурханы авралаар зөөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг улс дотроо тархаагүй. Гэхдээ өвчин зовлон хэзээ ч илрэх нөхцөлд амьдарч байгааг мартаж болохгүй. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийг аюулгүй байх орчныг нийлүүлэхийн тулд бид өмнөх саруудаас илүү зохион байгуулалттай байх хэрэгтэй. Иймээс өнөөдрийн дадлага сургуулилтыг хийж байна” гэж хэллээ.
М.Баяр