Оросын Лента.ру сайтад цуврал болгон гардаг дэлхийн улс орнуудын үе үеийн удирдагчид, тэдний гэр бүлийн тансаг амьдралын тухай материалаас орчуулан хүргэж байна.
Энэ удаад Францын Ерөнхийлөгч агсан Франсуа Миттеран хэмээх хүүхэмсэг эрийн тухай нийтлэлийг хүргэх болно. Энэ Ерөнхийлөгч үнэтэй хувцас өмсөж, бэлгийн чалхаа нэмэгдүүлэхийн тулд хясаа идэх дуртай нэгэн байв.

“Миттеран, би чамайг хүлээнэ”

2008 оны нэгдүгээр сар. Парисын Tajan дуудлага худалдааны ордонд худалдаа нээгдэхээс өмнө хүн дүүрэн байлаа. Францын Ерөнхийлөгч агсан Франсуа Миттераныг таалал төгссөнөөс хойш 12 жилийн дараа түүний бэлэвсэн эхнэр Даниэль эр нөхрийнхөө өмсөж байсан хувцас хэрэглэлийг дуудлага худалдаанд оруулах гэж байгааг сонирхсон хүмүүс, тэр дундаа ховор, өвөрмөц цуглуулга хийдэг нөхөд цуглажээ. “100 евро-150-200-250-хэн илүүг хэлэх вэ-500-550-нэг, хоёр, гурав-зарагдлаа” хэмээн хар цагаан костюм өмссөн улаан шаргал үстэй дуудлага худалдааны бүсгүй өгүүлнэ. Худалдан авагчдын нэг нь Adriano Cifonelli-д захиалгаар хийлгэсэн 18 костюмыг нь худалдан авчээ.
Францын удирдагч агсны ороолтыг эхлэл үнээр 2000 еврогоор тавив. Дараа нь Миттераны хууль цаазын ажиллагаанд өмсөж байсан өмгөөлөгчийн нөмрөгийг дуудлага худалдаанд оруулав. Түүний эхлэх үнэ 100 евро байсан ч удалгүй мянга даваад явчихлаа. Заал дүүрэн хөл үймээн болов. Ингээд өнөөх нөмрөг дэгжин хувцасласан өмгөөлөгчид 8000 еврогийн үнээр очжээ.
Миттераныг дэмжигчдийн гол бэлгэдэл нь төрийн тэргүүний овог, нэрийн эхний үсэг бүхий хар бүрх малгай байлаа. Энэ малгай мөн л 8000-ын үнэд хүрчээ. Улстөрчийн малгайнууд дуудлага худалдаанд нэлээд амжилттай зарагдсан дотор Ерөнхийлөгчийн хамгийн хайртай булган малгай ч орж байв.
Миттеран ер бусын мэдрэмж, загварлаг гэдгээрээ ялгардаг нэгэн байлаа. Түүний хувцасны шүүгээнд Chanel, Yves Saint Laurent, Dior, Jil Sander, Hermes-ийн хувцас, гоёлууд багтдаг байсан юм. Гэвч эдгээрээс их хувцас зарагдаагүй үлдсэн. Нийтдээ 97 цамц, 84 зангиа, 66 костюм, 17 бүрх малгай, 16 ороолт, 13 хос мокасин гутал, 5 смокинг зэрэг хувцсыг 150 мянган еврогоор худалджээ.
Үүнээс гадна худалдаанд экс Ерөнхийлөгчид дэлхийн янз бүрийн орнуудын удирдагчид, улстөрчдөөс өгсөн бэлэг дурсгалын зүйлсийг тавьжээ. Цуглуулгын хамгийн үнэтэй дурсгалын нэг нь нимгэн, үнэт арьсаар хийсэн, үнэртэн, шүршүүрийн тос хадгалдаг сав багтаж байв. Энэ бол саудуудаас түүнд өгсөн бэлэг. Матрын арьсан цүнх бол Фидель Кастрогоос барьсан бэлэг. Түүнчлэн дуудлага худалдаанд орсон зүйлс дотор гартаа “Миттеран, би чамайг хүлээнэ” гэсэн бичигтэй залуухан бүсгүйн биеийн хэлбэртэй мөнгө хадгалах сав ч оржээ. Энэ бэлэг дурсгал ирсэн олон хүмүүсийн инээдийг хүргэж байлаа. Яагаад гэвэл “агуу эргүүлдэгч” гэгддэг хүүхэмсэг Ерөнхийлөгчийн тухай домог мэт яриа хөвөрсөөр ирсэн юм.

Ар өвөргүй хүүхэн эргүүлдэгч

“Нэг оройн дотор Ерөнхийлөгч гурван ч амраг тойрчих тохиолдол гардаг байсан. Тэгээд надад эдгээр болзоогоо яг л ресторанд хамт суугаад, цэс уншиж байгаа мэт дүрсэлнэ гээч. “Тэр нь зууш байсан юм. Харин тэр нь үндсэн хоол, тэр нь амттан байсан” гэж жишээтэй. Нэгэн удаа Парист албан ёсны айлчлалаар ирсэн Европын нэгэн удирдагчийн эхнэрийг эргүүлж дөнгөсөн. Нөхөр нь дараа нь шуугиан тарьж, салах сарнихдаа хүртэл тулж байлаа” гэж Ерөнхийлөгчийн жолооч асан Пьер Турлье “Ар өвөргүй хүүхэн эргүүлдэгч” номондоо бичжээ.

Миттеран 1944 онд буюу дайны үеэр Даниэльтэй албан ёсоор гэрлэсэн юм. Тэднийх хоёр хүүтэй байлаа. Улс орондоо тэрбээр үлгэр жишээч гэр бүлсэг хүн мэт харагддаг байсан ч цаанаа бол ойр хавьд нь харагдсан хүүхэн бүртэй учирдаг жинхэнэ ангууч байсан гэдэг.

“Чалхаа сайн байлгахын тулд нэг дор хэд хэдэн хясаа идэх ёстой гэж төрийн тэргүүн хэлдэг байсан” хэмээн жолооч нь дурсчээ. Үүнээс гадна Миттеран нэг эмэгтэйтэй 2-3 удаагаас илүү уулздаггүй байсан гэнэ. Амрагууд нь ч үүнд гомдоно гэж байхгүй, Ерөнхийлөгчтэй цаг зуурын харилцаа үүсгэснийхээ төлөө Елисейн ордонд ажилд орох буюу Социалист намд нь ордог байлаа.
Ерөнхийлөгчийн амьдралд түүний “албан ёсны” амраг Анна Пинжо онцгой байр суурь эзэлдэг. Миттераныг 46 настай, харин бүсгүйг 19 настай байхад тэд Атлантын эргийн нэгэн амралтын газарт танилцжээ. Сүүлд нь бүсгүй XIX зууны уран баримлын шинжээч болж, Ерөнхийлөгч түүнийг д’Орсе музейд тайлбарлагч болгосон юм.

Тэдний харилцааг, ялангуяа Франсуаг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд төрийн нууцын зэрэгт хамруулж байв. Үүни тулд тусгай хэлтэс хүртэл байгуулж байлаа. Хэрвээ хэн нэгэн нэг л биш гэдгийг нь сэжиглэж эхэлбэл шууд л хууль зөрчин утсыг нь чагнана.

Анна Елисейн ордноос 10 минутын явах зайд, сангийн байранд амьдардаг байлаа. Улстөрчийг эхнэрээсээ салах бодолгүй байгааг мэдэрсэн амраг Анна нь нэг бол түүнд хүүхэд төрүүлж өгөх, эсвэл салах гэсэн сонголт хийхийг шаарджээ. 1974 онд тэрбээр Миттеранд Мазарин хэмээх охин төрүүлж өгсөн юм. Үүнээс болоод бүсгүй гэр бүлийнхэнтэйгээ тангараг тасарч, эцэг эх нь түүнийг эхнэртэй эртэй холбоотой болохыг уучлаагүй байна. Миттеран амрагаа болон охиноо байдаг бүхнээрээ хангаж, долоон настай охиных нь муурынх зулзага алга болоход түүнийг нь хайлгахаар цагдаагийн бүхэл бүтэн нэгжийг хөдөлгөж байсан удаатай.

Ерөнхийлөгчийг хоёр гэр бүлтэй байсныг францууд 1994 онд л, түүнийг таалал төгсөхийн өмнөхөн мэдсэн юм. Яах ч аргагүй хүнд өвчин тусссан улстөрч залуу бүсгүйтэй кафены ойролцоо яваагаар гарчээ. Тэр үед л тэрээр сэтгүүлчдэд өөрийнхөө охиныг болохыг мэдэгдсэн байна. Ингээд улс орон даяар жинхэнэ дуулиан болох нь дээ гэж хүлээж байтал Миттераны албан ёсны эхнэр нь нөхрийнхөө эрх чөлөөг хүндэтгэдэг, түүнтэй халуун дулаан харилцаатай гэж мэдэгдсэн байна. Миттеран нас барахаасаа өмнө Мазариныг өргөн авч, өв хөрөнгөөсөө хүртэл үлдээжээ.

Хожим нь Францад “Аннад бичсэн захидал” хэмээх нэгэн ном гарсан. Энэ номонд Миттераны амрагтаа бичсэн 1200 гаруй захидлыг багтаасан бөгөөд амраг нь эдгээрийг гутлын хайрцагт нямбайлан хадгалдаг байжээ. Бүсгүй ч улстөрчтэй өнгөрөөсөн он жилүүдийнхээ талаар бяцхан ярилцлага хүртэл өгсөн байдаг. Түүний хэлснээр Франсуа маш эелдэг, өгөөмөр ч байж чаддаг, харгис хатуу ч байж чаддаг нэгэн байсан гэжээ. Нэг удаа тэр амраг бүсгүйдээ Газар дундын тэнгисийн эрэг дээр жижигхэн байсан авч бэлэглэхийг амлаад, түүнийгээ худалдан авмагцаа албан ёсны эхнэртээ бэлэглэчихсэн гэдэг.

Тэргүүн ба хоёрдугаар хатагтай

Миттераныг амьд ахуйд Даниэла, Анна нар ямар нэгэн холбоо тогтоож байсан тухай мэдээлэл байдагггүй. Харин Франсуагийн оршуулгын ёслолын ажиллагааны үеэр тэргүүн хатагтай өрсөлдөгчөө урьсан нь олны анхаарлыг татсан юм. Франсуа Миттеран 1996 онд түрүү булчирхайн хорт хавдраар таалал төгсчээ.
Анна оршуулгын ёслолын ажиллагаанд охинтойгоо хамт ирсэн юм. Францын экс тэргүүний гэргий болон амраг нь тухайн үед гар барьж, удалгүй тор татсан бүрх малгай өмссөн Анна Миттераны бэлэвсэн эхнэр, хүү Жан-Кристоф нарын ард гарч зогссон.

Харин оршуулгын ёслолын ажиллагааны дараа маш том дуулиан дэгдсэн юм. Миттераныг эмчилж байсан эмч Клод Гюблер “Агуу нууц” хэмээх ном хэвлүүлж, тэр номондоо төрийн тэргүүний өвчний түүхийг тодорхой бичжээ. Гэтэл Миттеран өвчтэй гэдгээ мэдэж байсан бөгөөд 14 жилийн турш француудыг хуурч, эмчээрээ жил бүр эрүүл гэсэн хуурамч мэдэгдэл бичүүлдэг байсан гэнэ.

Түрүү булчирхайн хорт хавдартай болохоо мэдсэн Ерөнхийлөгч энэ мэдээллийг ард түмнээсээ нуухыг Гюблерт зарлиг болгосон байна. Хамгийн гол нь төрийн тэргүүн өдөр бүр дусал хийлгэх ёстой байлаа. Елисейн ордонд бол дуслыг хийж ядах ч юмгүй байсан. Тэрбээр дуслаа пальтоны доор, өлгүүрт нууж хийж байлаа.

Гюблер номондоо Миттераныг сүүлийн хагас жилд улс орноо удирдах чадваргүй болсон байсан гэж бичжээ. Энэ ном нэг хоногийн дотор 40 мянган хувь зарагдаж, хэвлэлийн газар нь худалдаачдаас шинэ захиалга нэмж авсаар байлаа.

Француудын хувьд өвчнөө олон жил нуусан Ерөнхийлөгчид биш, эмч Гюблерт маш их дургүйцлээ илэрхийлж байсан юм. Түүнийг эмчийн нууцаа зөрчиж, Миттераны тухай нууц мэдээллийг дэлгэсэн гэж буруутгажээ. Эмчийн гол зорилго нь өвчтөнийхөө нууц дээр дөрөөлөн баяжих гэж оролдсон гэж хүмүүс үзэж байв. Ингээд уг номыг Францад хориглож, бүх хувийг нь устгасан юм.

Гюблертэй хийх тэмцэлд Миттераны албан ёсны болон хууль ёсны бус хоёр гэр бүл нь ч нэгджээ. Эцэст нь эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээсээ хөөгдөж, мэргэжлийн нууцаа задруулсан хэргээр шүүхийн хаалга хүртэл татсан аж.

Э.МАРТ

Эх сурвалж: Lenta.ru

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Нэг шөнийн дотор гурван амраг тойрдог байсан удирдагч”
  1. Битгий ийм юм сурталчилж гаргаад бай. Монголд гэр бүл салалт, тэмбүү замаа алдлаа. Албан тушаалын хормой хотны асуудал нь ч дүүрэн

  2. Эмч,жолооч ,хүн ,чанаргүй ,новшнууд ,байна. Хоолыг ,хороож ,хажууд ,нь ,хэлээгүй ,байж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн