Амиа золиослогч алан хядагч этгээдийн үйлдсэн уг дэлбэрэлт 22 хүний амийг авч оджээ. Дэлбэрэлт Их Британийн “Манчестер-Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтын зааланд болсон юм. Нийт 59 хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлж байна.
Мягмар гарагийн шөнө “Манчестер-Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтын зааланд Америкийн дуучин, жүжигчин Арина Грандегийн тоглолтын үеэр хүчтэй дэлбэрэлт болжээ. “Sky News” теле сувгийн мэдээлснээр энэхүү тоглолтын танхим нь 21 мянган хүний багтаамжтай бөгөөд дуучны тоглолтын үеэр дүүрэн хүнтэй байсан гэнэ.
Хамгийн сүүлийн мэдээллээр энэхүү аймшигт дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 59 хүн гэмтэж бэртжээ. Дэлбэрэлтэд тайзнаас нэлээд хол, бүжгийн талбай дээр гарсан байна. Зарим хэвлэлүүдэд мэдээлснээр дэлбэрэлтийн дараа буудалцаан болсон гэж байгаа ч энэ талаар албан ёсоор батлаагүй аж.
“BBC” агентлагийн мэдээлснээр Манчестерийн түргэн тусламжийн алба хүмүүсийг амь насанд л аюулгүй бол түргэн дуудахгүй байхыг хүссэн байна. Учир нь жижүүрийн албаныхан бүгд ослын газар дээр ажиллаж байгаа гэжээ. Дуучин Гранде дэлбэрэлтэд өртөөгүй гэж албан ёсны төлөөлөгч нь мэдээлжээ. Британийн цагдаагийн газраас ч энэхүү үйл явдлыг алан хядах ажиллагаа мөн гэж үзэж буй бөгөөд амиа золиослогч алан хядагч этгээд үйлдсэн гэж сэжиглэж байгаа аж. Дэлбэрэлтийн дараа хүмүүс сандралд орж, ямар ч аргаар хамаагүй тоглолтын заалнаас гарах гэж тэмүүлцгээжээ.
Үзэгчдийн нэг, 22 настай Мажид Хан “Би маш чанга тэсрэлтийг сонссон. Яг л бөмбөг дэлбэрч байгаа мэт байсан. Үүний дараа бүгд сандарч, гадагшаа чихэлдэн гарч ирсэн. Бас бүгд бие бие рүүгээ утасдацгааж эхэлсэн. Харин дэлбэрэлтийн үеэр ариун цэврийн өрөөнд байсан хүмүүс тэндээсээ хашхиралдан гарч байлаа” хэмээн хуваалцжээ.
Тоглолтын танхимын буфетийн ажилтан “Бид юу болоод байгааг огтхон ч ойлгоогүй. Дуу чимээний хувьд аянгатай төстэй зүйл сонсогдсон. Дараа нь нэг хартал шалан дээр нэг эрэгтэй хэвтэж байсан бөгөөд хоёр хөлнөөс нь цус урсаад л байсан. Хажууд нь бас нэг эмэгтэйн нүүрнийх нь тал нь цусанд хутгалдсан байлаа” гэж мэдээлжээ.
Хэрэг гарсны дараа Манчестерийн цагдаагийн газар “Твиттер” болон бусад сүлжээгээрээ дамжуулан цэнгэлдэх хүрээлэнгийн ойр хавиар явахгүй байхыг иргэдэд анхааруулсан байна. Харин тус тоглолтын танхимд хүргэдэг “Виктория” вокзалыг хааж, төмөр замын терминалын ажлыг зогсоожээ.
Грандегийн тоглолтыг ихэвчлэн өсвөр насныхан, хүүхдүүд үзсэн юм. Тийм болохоор олонх нь утасны шугам завгүй байснаас болж эцэг эхээсээ төөрчээ. “Манчестер-Арена”-гийн ойролцоо байсан таксины жолооч нар хүүхдүүдийг гэр рүү нь үнэгүй хүргэж өгсөн байна. Харин ойролцоох зочид буудлуудын эзэд хүүхдүүдэд эцэг эх нь олдтол хоноглох өрөө гаргаж өгчээ.
Энэ үеэр цагдаа нар хэргийн газарт нэгжлэг хийсэн аж. Учир нь гэмт этгээдүүд хоёр дахь халдлагад бэлтгэж, өөр тэсрэх төхөөрөмж суулгасан байх магадлал өндөр гэнэ. Гэтэл удалгүй цагдаа нар хэн нэгний хаясан хувцаснаас бөмбөг илрүүлжээ. “Манчестер-Арена” цэнгэлдэх хүрээлэн 1995 онд баригдсан бөгөөд одоог хүртэл олон нийтийн томоохон арга хэмжээг зохион байгуулдаг газрын нэгд тооцогдсоор байна. Энэ бол тус хотдоо хамгийн том тоглолтын заал юм. Дуучин Ариана Грандегийн хувьд өдгөө Европт аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэрбээр үүнээс өмнөхөн Дублин, Лондонд тоглосон юм.
Тереза Мэй алан хядах ажиллагаа мөн гэлээ
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Манчестерийн цэнгэлдэх хүрээлэнд болсон дээрх дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Үүнээс гадна тэрбээр болсон үйл явдлыг “аймшигт алан хядах ажиллагаа” гэж нэрлэжээ. Их Британийн эрх баригч Консерватив нам Манчестерийн алан хядах ажиллагаанаас болж сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоожээ.