Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгцээнд “Land Cruiser-76”, “Land Cruiser-78” маркийн гурван авто машиныг “Эрдэнэс Монгол” ХХК хүлээлгэн өгчээ. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыг 2011 онд “Энержи Ресурс” ХХК ашиглалтанд оруулж, авто замын үйл ажиллагааг “Говийн зам” ХХК хариуцан явуулж байсан.
Монгол Улсын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр 2014 оны зургаадугаар сард “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХК зэрэг компаниудын оролцоотой “Гашуун сухайт авто зам” ХХК шинээр байгуулагдан тус замын хариуцагчаар ажиллаж байгаа юм. Тус авто замаар 2017 оны нэгдүгээр улиралд 125 мянган машин нүүрс тээвэрлэжээ.
Дундаж үзүүлэлтээр өдөрт 1300 нүүрс тээврийн машин хил давдаг бөгөөд 1 минутанд дөрвөн машин хилээр нэвтэрдэг байна. Эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тус зам дээр гарч буй ослын шалтгааны дийлэнхийг тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, согтуугаар жолоо барьсан, гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, урсгал сөрсөн зэрэг зөрчлүүд эзэлдэг аж.
2016 оны 12 дугаар сараас эхлэн энд тээврийн зохицуулалтыг сайжруулах, тээврийн эрчмийг нэмэгдүүлэх, жолоочтой холбоотой зөрчлийг бууруулах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй Цагдаагийн тасгийг ажиллуулж, ослын гаралтыг бууруулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг багасгах зэрэг ажлыг зохион байгуулах болсон байна.
Эх сурвалж: bolod.mn