Ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих бодлого хэрэгжүүлэх талаар Засгийн газраас шийдвэр гарсан тухай Ч.Улаан сайд мэдээлж байсан. Зарим малчид ямаагаа самнаж, ноолуур бэлтгэн худалдааж эхэлсэнтэй холбоотойгоор ноолуурын үнийн асуудал хөндөгдөж, эхлээд байгаа юм.
Тэгвэл ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх шат дараатай арга хэмжээнүүд авагдаж байгаа тухай мэдээлэл өнөөдрийн чуулганы хуралдаанд яригдлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Засгийн газраас энэ долоон хуульд өөрчлөлт оруулах түр зуурын арга хэмжээ авч байна. Төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг оруулж ирээгүй үед үүнийг цогц арга хэмжээ гэж хэлэх боломжгүй. Хүүхдийн мөнгөнөөс бусад нь эдийн засгийг дэмжих арга хэмжээ харагдахгүй байна.
Гашуун Сухайт, Тавантолгой дээр онцгой байдал тогтоох шаардлагатай байна. Тэнд өдөрт 500 гаруй машин нүүрс тээвэрлэн гаргадаг байсан бол өнөөдөр 40-хөн машин гарч байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ноолуурын 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь хаанаас гарч байгаа юм бэ. Малчдад ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах уу гэдэг хүлээлт байна. Үүнд хариулт өгнө үү.
Хөгжлийн банк Монголбанканд ирээгүй байгааг хэлье. Засгийн газраас 300 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хөгжлийн банкнаас санхүүжнэ. Улсын төсвөөс Хөгжлийн банкны олгох зээлийн хүү, ноолуур худалдаж авах хүү хоёрын хооронд есөн хувийн хүү буюу 27 тэрбум төгрөг байгаа. Үүнийг шийдсэн.
Экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газар авч байгаа. Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Гашуу Сухайт, Тавантолгой, Ханги Мандал боомтоор нүүрс ачсан 211 машин гарсан. Энэ нь анх гарч байсныгаа болвол нэмэгдсэн тоо.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хөгжлийн банк, ХХААХҮЯ, Сангийн яам хооронд бодлогын гэрээ байгуулсан. Одоо арилжааны банкуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Энэ гэрээ байгуулагдсанаар ноолуур бэлтгэлийн зээл олгож эхэлнэ. Ноолуур бэлтгэх зээлийг банкны шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэр, ААН-ийн дансанд шилжүүлээд энэ данснаас ноолуур зарсан малчдын дансанд дамжуулан шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
Энэ жилийн хаврын тариалалтыг өргөтгөн зохион байгуулах, ажлын байрыг хадгалах, хүн амын хүнсний нөөцийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд зээлээр дэмжих асуудлыг Засгийн газраас боловсруулж байна.
Н.Батаа