COVID-19-ын дотоод халдварын өсөлтийг урьдчилан зогсоох чиглэлээр Ажлын хэсгээс өндөржүүлсэн “зай барих” багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Арга хэмжээний гол зорилт нь олон нийтийн болон хувийн эзэмшлийн байршил дахь хөдөлгөөн, харилцааг мэдэгдэхүйц бууруулсан байх юм. Үүний тулд нийт сургуулиудын үйл ажиллагааг гэрт-суурилсан сургалтын байдлаар зохицуулж, нэн шаардлагатай үйлчилгээнээс бусад албан газруудыг хаах болон цахимаар гэрээсээ ажиллахаар зохицуулна. Иймд 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал 4 долоо хоногийн турш өндөржүүлсэн “зай барих” арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо.
Өдөр тутмын хэрэгцээний үйлчилгээний газрууд нээлттэй хэвээр байна
− Зоогийн газрууд, гудамжны хоолны газрууд, кофе шоп болон бусад хоол, ундны газрууд зөвхөн авч явах болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүнсний бүтээгдэхүүн хангагч нар буюу үйлдвэрлэгч, боловсруулагч, импортлогч, худалдаалагч, хөргөлтийн үйлчилгээ болон супермаркет, хүнсний дэлгүүр, бөөний дэлгүүрүүд нээлттэй хэвээр байна. Иргэд хүнсний бүтээгдэхүүний хүртээмжид итгэлтэй байж болно.
− Өдөр тутамд шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг барааны дэлгүүрүүд буюу супермаркет, эмийн сан, зоогийн газар, хоол ундны үйлчилгээний газрууд болон бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний газрууд нээлттэй байна. Үүнээс бусад бүх барааны дэлгүүрүүд хаагдана. /Их дэлгүүрийн зөвхөн хүнсний дэлгүүр нээлттэй байна./
− Нийтийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээг үзүүлэх боловч ихэнх нийтийн үйлчилгээний албан хаагч нар цахимаар ажиллана. Үйлчилгээний лангуунуудын тоог болон биеэр ажиллах албан хаагчдын тоог цөөлж, цахимаар үйлчилгээг үзүүлнэ. Яаралтай шаардлагатайгаас бусад тохиолдолд биеэр очиж үйлчилгээ авахгүй байхыг иргэддээ зөвлөж байна.
− Чухал шаардлагатай үйлчилгээ болох эмнэлэг, нийгмийн, санхүүгийн, цэвэрлэгээ, ус, эрчим хүч, хүрээлэн буй орчны үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Мөн өдөр тутмын амьдралд хэрэгтэй зарим үйлчилгээ (үсчин, цахилгаан шатны засвар, угаалга г.м), тээврийн болон харилцаа холбооны үйлчилгээ нээлттэй хэвээр байна. Тухайлбал, үсчид зөвхөн энгийн үс тайралт хийнэ; хими, будаг зэрэг хугацаа их шаардах үйлчилгээ үзүүлэхгүй. Мөн гоо сайхан, маникюр зэрэг газрууд ажиллахгүй.
− Улсын хэмжээний нийт 25 номын сан болон номын дэлгүүрүүд хаагдана. Өмнө номын сангаас авсан байсан номын хэтэрсэн хоногийг номын сан ажиллаж эхэлснээс хойш 3 долоо хоногийн хугацаатай сунгаж, хугацаа хэтрүүлсэн ямар нэгэн торгууль авахгүй.
− Шуудангийн үйлчилгээ болон сонин хүргэлтийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.
Ажлын байрыг хаах тухай
− Ихэнх аж ахуй нэгж, байгууллагууд цахимаар ажиллах ажилтнуудын тоог зохицуулах арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн байсан. Хөдөлмөрийн яамны зөвлөмжийг мөрдөөгүй аж ахуй нэгжүүдэд “ажил зогсоох захирамж” болон “засаж сайжруулах захирамж”-ийг өгч байгаа. Гэвч нэмэлт арга хэмжээг авах шаардлагатай байгаа тул 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал гэрээс цахимаар ажилтнуудаа ажиллуулах боломжгүй аж ахуй нэгжүүд бүх бизнес, олон нийтийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Үүнд чухал шаардлагатай үйлчилгээний газрууд хамаарахгүй.
− Чухал шаардлагатай үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажилтныхаа тоог хамгийн бага байхаар зохицуулж, ажлын байран дахь “зай барих” арга хэмжээг баримтлуулна. Олон нийтийн харилцааг цайны цагийн үед ч хязгаарлана. Хэрэв эдгээр үйлчилгээний газруудад халдварын тохиолдол илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч болзошгүй.
− Сингапур Улсад ажиллаж буй гадны гэрээт ажилчдын дотуур байранд халдварын голомт /кластер/ үүсээд буй энэ цаг үед үүнд анхаарлаа нэмэгдүүлээд байна. Дотуур байранд амьдардаг ажилчид байрнаасаа гарахгүй байх, дотуур байрны хянагчид халдварын эрсдэлийг багасгах үүднээс байр хоорондын хүмүүсийг бөөгнөрүүлэхгүй байхад анхаарч, Хөдөлмөрийн яамны заавар зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.
Гэрт-суурилсан сургалтын тухай
− 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал бүх сургууль болон дээд боловсролын институтүүд гэрт-суурилсан сургалтын системд бүрэн шилжинэ. Цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг зогсооно. Боловсролын хувийн байгууллагууд мөн гэрт-суурилсан сургалтад шилжүүлэх ба хэрэв боломжгүй тохиолдолд хичээлээ зогсоох шаардлагатай.
− Чухал шаардлагатай үйлчилгээний газруудад /эмнэлгийн үйлчилгээ/ ажилладаг эцэг эх нар хүүхэд асрах асуудлаа зохицуулах боломжгүй тохиолдолд хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд хандан дэмжлэг хүсэх боломжтой.
Амралт, үзвэр, шашны үйлчилгээний газруудыг хаах тухай
− 4 дүгээр сарын 7-ноос эхлэн бүх үзвэр үйлчилгээ, соёл амралтын хүрээлэн, музей, зоопарк, казино зэргийг хаана. Түүнчлэн олон нийтийн болон хорооллын усан сан, спорт заал, фитнесс зэргийг хаана. Зочид буудлууд дахь амралтын үйлчилгээний газрууд мөн адил хаагдана.
− Өмнөх хязгаарлалтад дурдсанчлан спортын болон шашны үйл ажиллагаа зохион байгуулахыг зогсоосон. Шашны байгууламжууд хаалттай хэвээр байна.
COVID-19-ын халдварын тархалтыг удаашруулахад нийгмийн хариуцлага маш чухал байна хэмээн мэдэгдээд байна. Ард иргэд, олон нийтийн дунд “Circuit Breaker” арга хэмжээг “тал хөл хорио”, “хөл хорио” гэсэн үг ашиглахгүй хөл хорио тогтоолоо хэмээн үзэж байна.
4 дүгээр сарын 6-ны өдрийн Парламентын хуралдааны үеэр Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чан Чүн Синг “хэрэв ирэх нэг сарын хугацаанд тархалтыг хяналтад авч чадахгүй бол “Circuit Breaker”-ийн үргэлжлэх хугацааг сунгана” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн 4 дүгээр сарын 5-ны 23 цаг 59 минутаас хойш АСЕАН-ы гишүүн улс орнууд, Франц, Энэтхэг болон Швейцар зэрэг Сингапур Улсад ирсэн Сингапур Улсын иргэд болон урт хугацааны оршин суугч нарыг тусгай гэрт- тусгаарлах байр буюу зочид буудлуудад 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар болоод байна. Өмнөх хязгаарлалтад зөвхөн АНУ болон ИБУИНХУ багтаж байсан юм. Зочид буудалд гаднаас ирсэн оршин суугч нарыг тусгаарлах нь зөвхөн өрөөний хангамжаас гадна халдварыг хянах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч харуул хамгаалалтаар хангахад дөхөм байгаа юм. Дээрх улсаас бусад гадны улс орноос ирж буй Сингапур иргэд, урт хугацааны оршин суугч нар өөрийн гэр, оршин суух газартаа 14 хоногийн гэр тусгаарлалтад хамрагдана.
Эх сурвалж: Сингапур Улсын ЭМЯ, The Straits Times, Channel News Asia