Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд хөл хорионы үеэр жирэмслэх аюултай гэж үзэж байна. Тэд судалгаа явуулаад, үр дүнг нь эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлжээ.
Шинжээчдийн үзсэнээр бол хөл хорионы үеэр хүүхэд тээхэд аюултай байдгийн цаад шалтгаан нь эцгийн үрийн шингэнтэй холбоотой гэнэ. Тухайлбал, тухайн эрэгтэй ямар нэгэн үл тайлагдах халдварт өвчний улмаас хүчтэй стресст орсноор эр эсийн найрлага нь эрс өөрчлөгддөг бөгөөд цаашид ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
“Стрессийн дааврын үйлчлэлээс болоод эсийн гадуурх везикулуудад уураг, РНК-ийн найрлага өөрчлөгддөг. Оготно дээр хийсэн туршилтын явцад бид стрессийн нөлөөнд өртсөн эр эсийг хэвийн өндгөн эсэд суулгаж, үр тогтоосон. Үр дүнд нь гөлчгийнүүд нь тархины эрт хөгжлийн огцом өөрчлөлттэй гарч, том болсон ч бусад оготноос огт өөр хэвээр байсан” гэж Мэрилэндийн их сургуулийн Хүүхдийн эрүүл мэнд, тархины хөгжлийн салбарын эпигенетик судалгааны төвийн захирал Трейси Бэйл ярьжээ.
Энэ механизмаа хүн дээр хэрхэн үйлчилдгийг судлахын тулд Пенсильванийн их сургуулийн оюутнуудаас авсан үрийн шингэнүүдийг судалж үзжээ. Гэтэл стресст байнга өртдөг залуучуудын үрийн шингэний найрлага хяналтын бүлгийнхээс эрс өөр байв.
“Эцгийн архаг стрессээс үүдэлтэй үрийн шингэний өөрчлөлт ирээдүйд үеийн эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг одоохондоо бид мэдэхгүй. Гэхдээ үүнээс болж цар тахлын дараа төрсөн хүүхдүүд сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байхыг үгүйсгэхгүй” гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Тиймээс цаашдын үр дагаврыг мэдэхгүй тул ирээдүйн эцэг эхчүүдийг хөл хорионы үеэр хүүхэд олохгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.5-tv.ru
Орчуулсан Э.МАРТ