Нийгмийн сүлжээний туйлшрал, бохирдсон мэдээллийн урсгалыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсэргүүцэхийн ялдамд дэмжих нь бий. “Иргэд Фэйсбуук, сэтгүүл зүй хоёрыг ялгахгүй байна” хэмээн гомдоллон шүүмжлэх сэтгүүлч цөөнгүй. Тэгсэн хэдий ч тэд нийгмийн сүлжээний мэдээллийг олон нийтийн санаа бодол хэмээн эндүүрч, өдрийн мэдээний сэдвийг сошиалд олонтаа яригдаж буй асуудлаас сэдэвлэх нь цөөнгүй. Тэнд ямар ч асуудлыг хар, цагаанаар нь шүүгээд, угаагаад, мушгиад тавьсан байх хандлага давамгайлах учир тэр л угаасан мэдээллийг анхаарлын төвд авч ирж, бодит ертөнцийг байгаагаас нь улам л жижиг, улам л хязгаарлагдмал хүрээнд зааглах давхар шүүлтүүрийг бий болгоно.
Манай томоохон гэгдэх өдөр тутмын бараг бүх сонин, телевиз, сайтууд “хэн юу жиргэв” булантай, зарим нь жиргээнээс эшлэл авч мэдээнд оруулна. Гэтэл Монголын Интернэт хэрэглэгчдийн дөнгөж дөрөв орчим хувь нь Твиттерийг идэвхтэй ашигладаг. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл жиргээнээс мэдээллийн сэдэв шүүрдэж, нэмэлт судалгаагүйгээр эх сурвалж болгон ашигласнаар өрөөсгөл мэдээллийн урсгалыг дэмждэг төдийгүй, нийгмийн цөөнхөөс бүрдсэн жиргээний баатруудыг мэдээллийн түгээмэл эх сурвалж болгох нь олон ургальч дуу хоолойг улам бүр хязгаарладаг.
Нөгөө талаар, сошиал орчинд шуугиж буй сэдвийг хэвлэл мэдээллийнхэн тоохгүй өнгөрөхөд ихээхэн бүтээлч сэтгэлгээ, зүрх зориг, илүү их хөдөлмөр шаардана. Мөн сонин уншиж, телевиз үздэг хүмүүсээс илүү олон хүн нийгмийн сүлжээнд шаагилдаж буй учир тэндэхийн яриа хөөрөөг алгасч өнгөрөх нь зах зээлийн орчинд амьдрах гэж тэмцэж буй хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн ашигтай бус. Гэхдээ л бохирдсон, янз бүрийн нөлөөнд гажсан мэдээллийн орчноос хялбар аргаар мэдээ шүүрдэх ажлыг хязгаарлахгүй бол сэтгүүл зүйн салбар бот, трол, хөөсрөл, туйлшралын давалгаанд хараат бус байдлаа өдөр өнгөрөх тусам алдсаар байх эрслүүд тулгарч байна.
Интернэтийн ачаар сэтгүүлчид мэдээллээ илүү олон хүнд хүргэх, өөр хорондоо болон үзэгч, сонсогч, уншигчидтай шууд харьцах, тэдний санаа бодлыг тандах, хүссэн мэдээллээ илүү богино хугацаанд хайж олох зэрэг олон давуу талыг эдэлж байгаа.
Энэ л боломжийг ашиглаж, сошиал сүлжээний эрчлээсэнд автахгүйгээр, “бүх нийтээр самуурулах зэвсгийн” дамжуулагч эд нь болж хувиралгүй, мөнөөх “хоточ нохойн” үүргээ мэдээллийн шинэ талбарт давхар гүйцэтгэхээс өөр аргагүй болоод байна. Өөрөөр хэлбэл, орчин үед эрх мэдлийг хянана гэдэг нь мэдээллийн мөн чанар, зорилго, эх үүсвэрийг давхар хянах тухай, мэдээллийн бохирдол, гуйвуулгаас иргэд, олон нийтийг хамгаалах шаардлага үүсэж байна.
Сэтгүүл зүй нь хүчтэй, хэвлэл мэдээлэл нь хараат бус нийгэмд хуурамч мэдээлэлд итгэх иргэд харьцангуй цөөн байх нь ойлгомжтой. Тиймээс бусдад аливаа мэдээллийн бохирдолд өртөж, дамжуулж давалгаалж, шуугиан цухалдаанд автахгүй байх боломжтой.
Өмнөх “Үй олноор нь самууруулах зэвсэг: Туйлшрал”, “Үй олноор нь самууруулах зэвсэг: Улс төрийн хөөс буюу цахим цэргийн хүч” эндээс уншина уу?
М.Мөнхмандах, Ph.D
Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал