Саяхныг хүртэл мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлана гэдэг бол цензурдэх, мэдээллийг нуун дарагдуулахтай холбоотой байлаа. Тэгвэл орчин үед иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, зөвхөн өөрт ашигтай “үнэн”-ийг бий болгох арга боломж дэлхий дахинаа улам боловсронгуй болж буйн тухай Оксфордын Их Сургуулийн шинэхэн судалгааны тайланд нийтэлсэн байдаг.
Хорин нэгдүгээр зуунд мэдээллийн эрх чөлөөг хязгаарлахын тулд их хэмжээний, ямар ч хяналтгүй, эмх замбараагүй мэдээлэл дунд иргэдийг живүүлэх, чиг баримжаагаа мэдэхээ байтал зөв буруу нь мэдэгдэхгүй утга агуулгаар бөмбөгдөх арга газар авч байна.
Нэг дуулианаар нөгөө дуулианыг дарж, олны анхаарлыг гол асуудлаас холдуулдаг мэдээллийн дайны энэ орчинд хүмүүс хэр баргийн юманд цочирдохоо больж буй нь айдас төрүүлмээр. Дээр дурдсан судалгаанаас харахад, дэлхийн 70 гаруй оронд Засгийн газар, улс төрийн тоглогчдын оролцоотойгоор мэдээллийн урсгалыг зохион байгуулалттайгаар хянаж залах дараах аргыг түгээмэл ашиглаж буй аж:
– Засгийн газар, улс төрийн тодорхой хүчнийг дэмжсэн ухуулга сурталчилгааг түгээх
– Сөрөг хүчин, өрсөлдөгч талыг дайрч давшлах, нэр төрийг нь гутаах кампанит аян өрнүүлэх
– Яриа хэлэлцүүлгийг чухал асуудлаас холдуулж анхаарлыг сарниулах
– Хагарал, туйлшралыг дэмжих
– Хувь хүн рүү давших, сүрдүүлэх аргаар идэвх оролцоог бууруулах
Засгийн газар, улс төрийн хүчний оролцоотой буюу тэдний даалгавраар цахим гуйвуулга, худал, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл түгээдэг этгээдүүдийг cyber troops буюу цахим цэргүүд хэмээн нэрлэдэг.
Тийнхүү цахим цэргийн хүчээр Интернэт, нийгмийн мэдээллийн сүлжээнд иргэд, олон нийтийг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлэх үйл ажиллагааг 2017 онд 28 оронд явуулж байсныг судалгаагаар тогтоосон бол 2018 онд 48, 2019 онд 70 оронд ийм үйл явц бүртгэгджээ.
Ямар арга ашигласнаас үл хамаараад мэдээллийн гуйвуулга нь тодорхой асуудлын мөн чанар, утга агуулгыг хөөсрүүлэн далдалж, олон нийтийн анхаарлыг хүссэн зүгтээ залуурдан чиглүүлэх боломжийг олгодог. Тийм ч учраас мэдээллийн орчныг бохирдуулж, олон нийтийг төөрөгдүүлэх үйл ажиллагааг аль нэг орны улс төрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд төдийгүй, улс орны нөхцөл байдалд гаднаас нөлөөлөх зорилгоор ч цөөнгүй зохион байгуулж буй талаар цөөнгүй судалгааны мэдээлэл бий.
Жишээлбэл Оросын Интернэт Судлалын Агентлагаас АНУ-ын иргэдийг вакцины асуудлаар өөр хооронд нь зөрчилдүүлж, бодлого шийдвэрт үл итгэх хандлагыг бий болгох зорилгоор вакциныг дэмжсэн болон эсэргүүцсэн жиргээний “аян” зохион байгуулж ирснийг Жорж Вашингтоны Их Сургуулийн судлаачид илчилсэн.
Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж 2019 оны хавар нийтэлсэн “Үй олноор самууруулах зэвсэг” (“Weapons of Mass Distraction”) хэмээх судалгааны тайланд 2018 оны 11 дүгээр сард Иран улсаас дэлхийн 15 улсад хуурамч мэдээлэл түгээж ухуулга явуулах зорилго бүхий 70 гаруй веб сайт ажиллаж байсныг баримтжуулжээ.
Энэхүү тайлангаас хуурамч мэдээллийн сэтгэл зүй, зэр зэвсэг, тулгамдаж буй асуудал, тэмцэх арга боломж, санал санаачилгын талаар өөр бусад олон баримт, мэдээллийг олж унших боломжтой.
Өмнөх нийтлэлийг “Үй олноор нь самууруулах зэвсэг: Туйлшрал” эндээс уншина уу?
Үргэлжлэл бий…
М.Мөнхмандах, Ph.D
Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
1 comment
Yag unen manaid neg asuuadaliig uur sensatsi garagaj uur zugt handuulj martuuldag arga ih hugjsun.Suuliin jishee Nomtoi bayariin asuudal.gishuudiin kazinogiin asuudaliig koronogaar daraad odoo shuud songuuliin beltgeld orj baih shig bna. ene herguudiig ard tumen martaagui. odoo irged oi sanamjtai bolson shuu kkk