Цахим орчин нэлэнхүйдээ шуугиан цухалдааны талбар гэлтэй санагдах үе бий. Энд хүмүүс санаатай хийгээд санаандгүй байдлаар бусдад мэдээлэл дамжуулж, тэр бүртээ өөрийн үзэл бодлыг дайж, дэмжиж эсвэл эсэргүүцэж үй олон сэдэв, үйл явдал дунд живнэ.
Саяхан л хүмүүс шахмал түлшнээс айж, олны танил дуучин эрийн хар тамхины хэрэгт эгдүүцэж, тэтгэврийн зээлгүй хөгшдийг хөөрхийлж, ямааг өрөвдсөн дуучин эмэгтэйг муулж, Австралийн ард түмний төлөө залбирч суугаад хэдхэн долоо хоногийн дараа корона вирусийг “илрүүлж” өдөр бүр ямар нэг шинэ сенсацаар давалгаалж ирсэн. Тэр бүрт шинэ тутам ойлголт, үг хэллэг хэрэглэж, “солонгон ааш”, “хөлдүү төмс”-ний цаад утгыг хэний ч тайлбаргүйгээр ойлголцож жуумалзана. Товчхондоо бол улс даяараа сошиал ертөнцөд амьдарч, бидний нийгэмд өдөр бүр юу болж өнгөрч буйг алган дээрээ харах мэт санагдана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сошиал яриа хөөрөөг шүүрч сурвалжилна, сэтгүүлчид энэ хавиас эх сурвалжаа ангуучилна, улстөрчид чухам энд л шуугисан асуудлыг асуудал гэж үзнэ.
Бид Фэйсбуук, Инстаграмд үргэлж аятайхан зургаа тавьж, хошин марзан, мэргэн цэцэн үгсээрээ уралддаг. Гэвч хүн бүрийн амьдрал нүүр номон дээрх шиг биш, ёс суртахуун ярьсан болгон амьдрал дээр хүний дээд нь байдаггүйг цөөн хэд нь л ойлгоно. Үлдсэн ихэнх хэсэг нь сошиал амьдралд бодитоор уусч, үнэн, худал нь ялгагдахгүй мэдээлэл, үзэл бодол, сэтгэгдлээс бүрэн хамаарч, сүлжээнд донтсон байдалтай нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Технологийн дэвшил бидэнд мэдээллийн урсгалыг нээж, дэлхий ертөнцийг илүү ойр болгож, хүн бүхэнд үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох өргөн боломжийг өгсөн мэт боловч үнэн чанартаа тийм биш гэдгийг хэдэнтээ судалж, дүгнэснийг хамтдаа сонирхоё.
ТУЙЛШРАЛ
Хүн ер нь хүссэн зүйлээ л харж, сонсдог. Хагас лонх дарсыг өөдрөг үзэлтнүүд “бараг дүүрэн”, гутранги хүмүүс “хоосон шахуу” гэж хардагтай адил. Олон зүйлийн сонголт байх үед ч хүн хүссэнээ зорин байж олно, бусдыг нь анзааралгүй орхино. Сошиал сүлжээний алгоритм энэ л зарчмаар ажилладаг. Анхаарал хандуулж хэдэн хором зарцуулсан сурталчилгаа, Гүүглээр хайсан түлхүүр үг, нээж үзсэн сайт, видео бичлэгийг чинь Фэйсбуук төвөггүй цээжилж аваад тэр дороо л ижил
төрлийн агуулгыг санал болгож эхэлнэ. Хэний ямар пост дээр лайк, зүрх дарж, сэтгэгдэл үлдээж байна вэ, тэр л найзын мэдээлэл чиний хуудаст өдөр бүр харагдана.
Нүүр номд завсрын өнгө гэж бараг үгүй, хасах цэнэг хасах руугаа, нэмэх цэнэг нэмэх рүүгээ туйлширна. Энэ л жамаар бид нэгэнт үүсгэсэн өөрийн туйл дотроо хөмөрсөн тогоон дор мэт ажин түжин оршино. Ялангуяа нийгэм даяар хэлэлцэж буй онц чухал асуудал өрнөх үед нийгмийн сүлжээ дундыг баримталсан дуу хоолойг сулруулж, эсвэл бүр үгүй болгож чаддагийг АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хэрэгжүүлсэн судалгаагаар тогтоосон байдаг.
Тэтгэврийн зээлийг тэглэх тухай, шинэ Корона вирусийн тархалттай холбоотойгоор хил хаах тухай сошиал постуудын ихэнх нь нэг бол эрс эсэргүүцсэн, эс бөгөөс эрс дэмжсэн байсныг зарим хүн анзаарсан л болов уу.
Сайн муу аль алийг нь эрэгцүүлсэн, дундаж байр суурь мэр сэр гарч ирмэгц хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, олон юм ярих нөхрийг барьж иднэ. Тэгээд ч маргаантай асуудлын талаар олонхийн бодлыг сөрж, эсрэг санаа илэрхийлэх хүн тийм ч олон биш. Өөрөөр бодож буйгаа их л сайндаа дэргэдэх хүндээ хэлнэ, эс бөгөөс хязгаарлагдмал хүрээнд хуваалцана, үгүй бол чимээгүй л өнгөрнө.
Германы улс төр, мэдээллийн харилцааны судлаач Элизабет Нёлле Нойманы Spiral of Silence (Чимээгүйн эрчлээ) онолын дагуу, санаа бодол нь олонхийнхоос зөрж буй хүн нийтийн дунд бодлоо илэрхийлэхээс зайлсхийх нь ердийн үзэгдэл. Ялангуяа сошиал ертөнцөд эсрэг бодолтой хүнийг хэрцгийгээр гадуурхаж таних танихгүй хүн хэлэх хэлэхгүй үгээр булшлах боломжтой учир Чимээгүйн эрчлээ үйлчилж, тэр чинээгээрээ туйлшрал хүчээ авна.
Хамгийн аймшигтай нь юу вэ гэвэл, ихэнх иргэн, тэр байтугай хэвлэл мэдээллийнхэн ч сошиал сүлжээний алгоритм, Чимээгүйн эрчлээний онол болон ер нь мэдээллийн урсгал, үйл явцын талаар үндсэндээ ямар ч ойлголт үгүй.
Тэд өөрийнх нь сошиал хаягаар зөвхөн өөрт нь таалагдах, санал нийлэх агуулга ирэх магадлал хамгийн өндөр байдгийг тэр бүр бодож эрэгцүүлэхгүй. Түүнчлэн ямар нэг шалтгаанаар өөрт таалагддаггүй, үзэл бодол зөрдөг хүнийг найзын тооноос хасч, блоклох, эсвэл угаасаа найз болохгүй байх сонголт үргэлж байдаг учир өөрийн хүлээн зөвшөөрөхүйц, өөрт таатай, мэдээллийн хязгаарлагдмал орчин буюу өөрийн гэсэн бөмбөлөгийг бий болгож, таалагдахгүй бүхнээ санаатай, санамсаргүйгээр шүүрдэн зайлуулсаар өнөөх туйлаа улам л бэхжүүлнэ.
Үргэлжлжл бий…
М.Мөнхмандах, Ph.D
Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал