Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.
Тэрбээр “Хорио цээр дууссаны дараа сурагчид даваагаас бямба гараг хүртэл хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн ням гарагт л амрана гэсэн үг. Мөн гуравдугаар улирлын амралтаар амрахгүй хичээллэнэ.
Түүнчлэн ЕБС-ийн төгсөлтийн шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоног болгохоор болсон.
Цэцэрлэгийн болон 1-5 дугаар ангийн сурагчид 6-р сарын 1-нээс, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 8-наас амарна.
ЭЕШ-ыг 6 дугаар сарын 8-11-ний хооронд зохион байгуулна. Харин их, дээд сургуулиудын элсэлтийг 6 дугаар сарын 15 гэхэд дуусгасан байна.
Их, дээд сургуулиудын бүх дамжааны оюутнууд 6 дугаар сарын эхэн гэхэд амарсан байна.
Одоогоор БСШУС-ны салбарын бүх үйл ажиллагаа зогссон байгаа. Улаанбаатарт 3 дугаар сард зохион байгуулагдах байсан олон улсын хоёр тэмцээнийг хойшлуулсан.
Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах тэмцээнээс бусад гадаад орны тэмцээнд оролцохгүй.
Мөн Боловсролын байгууллагад ажилладаг 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг ажлын 5 цагтай болгохоор боллоо” гэсэн юм.