Моод Монголоор дуусдаг гэдэг үнэн юм. Гэхдээ улс төрийн моод нь шүү. Дэлхий дахинд поп улстөрчдөөс цэрвэж, топ Ерөнхийлөгчийг шүтэж байх зуур Монголд попчдын “амь” бат бөх байсаар. Францын сонгуулиар поп улстөрч нь навс ялагдаж, Танзанд хуурамч дипломтой улстөрч нь шийтгэл хүлээж байхад манайд эсрэгээрээ. Бүр топууд нь биш поп улстөрчид нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь ёстой поп.
Жигтэй ч юм аа даа. Жирийн биш жинхэнэ попчдын сонгууль болох вий хэмээн жийрхэж, бас жиг жуг хэмээн жиргэгчид сошиал орчинд олонтаа. Ажих нь ээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн тухайд бүгд жигтэйхэн мэдлэгтэй, жирийн биш удирдах чадвартай мундагууд бололтой. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, харин МАХН-аас С.Ганбаатар гэх энэ цаг үеийн “шилдэг” поп улстөрчийн нэг нэр дэвших нь нэгэнт тодорхой болов.
Олноо “Босоо” Гамбаа хэмээн “өргөмжлөгдсөн” түүний хувьд сонгуульд өрсөлдөх сонирхол тун өндөр байсан. Н.Энхбаярын сүүдэрт дагаж гүйснийх нь ашиг тус гэж зарим нь хэлдэг л юм. Юутай ч “ХҮН”-ынх биш болсон тэрбээр аль эртнээс ам нээх бүртээ сонгуулийн талаар цухалцуулж, сошиал медиагаар жиргэж суусан гэхэд хилсдэхгүй. Түүний хүсэл түр биелэв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэгээхэн мөрөөдөл нь цухас биелж буй нь энэ л дээ.
МАН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эрхмүүдтэй “Босоо” Гамбааг харьцуулвал эн тэнцүү настай ч хаан заяа нь “дулимаг” байж мэдэх зураглалтай. Гагцхүү боловсролын түвшнээрээ бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хоёр яг “адил” гэлтэй. Х.Баттулгын хувьд наймдугаар ангийн боловсролтой гэдгээр Гамбаад баалуулж суусан гэлцдэг.
Тэгвэл Гамбаагийн хувьд боловсрол “нимгэн” улстөрчдийн бүртгэлд аль хэдийнэ хавтаслагдсан гэхэд буруудахгүй болов уу. Ямартаа л “Хуурамч диплом”-той нь илэрч хэсэгтээ л миалуулсан нь саяхных. Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсныг зарлахтай зэрэгцэн өчигдөр цахим орчинд дипломтой нь МАН, дипломгүй нь, АН, хуурамч дипломтой нь МАХН гэх хошигнол газар авав.
С.Ганбаатарт Монголын ард түмэн итгэж байсан уу, гэвэл итгэж байсаан. Гудамжны уран үгтэй залууг УИХ-ын гишүүн болгож, хууль санаачлах эрхтэй болгож, хувь заяагаа даатгаж хүртэл үзсэн шүү дээ. Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшсэн ч ялалт биш ялагдал хүлээж ноёны жинсээ тайлж, номхон амьдралд тавтай морилсон экс гишүүнд МАХН-ынхан итгэл хүлээлгэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тордов. Бүр, нэлээн дуулиан, шуугиантайгаар шүү.
Бүр намаа хайрцаглаж байж эл шийдвэрийг гаргав. Зүй нь МАХН-ын бага чуулганаар энэ удаагийн сонгуульд оролцох эсэхийг дэнсэлсэн юм. Санал хураалтаар бага чуулганы гишүүдийн 56 хувь нь сонгуульд оролцохгүй байх шийдлийг гаргав. Гэвч намын даргын таалалд нийцээгүй тул гишүүдийг хайрцаглан, дахин санал хураалт явуулсан. Хэдийгээр эсэргүүцэх гишүүд цөөнгүй байсан ч том даргын хайрцагнаас хальж дөнгөсөнгүй. Тэр ч бүү хэл, эл намд падлийгүй “босоо”-г нууц санал хураалтаар халхавчлан гаргаж ирсэн нь бага чуулганы гишүүдэд таалагдаагүй. Тэр ч бүү хэл, Ц.Оюунбаатар нэлээд гомдолтой үлдэх шиг харагдсан. Уг нь Н.Энхбаярын далбаан дор бишгүй ажиллаж, үгийг нь зөрж байгаагүй тэрбээр ийм сонголт гарна гэж зүүдэлж ч байгаагүй биз.
Эртнээс л “Гамбааг нэр дэвших юм гэнэ”, “Дэвшвэл хэнийх нь саналыг хуваах бол”, “Үгүй ингэхэд Гамбаа ялчих вий дээ. Нэлээн санал зулгаана шүү” гэхчлэнгээр таамаг дэвшүүлж байсан нь энэ цагт эрхэм гишүүн асантай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувиас нь ажиглах үлдэх шив. Басхүү МАХН-ын зүгээс шинэхэн гишүүндээ яггүй даалгавар өвөртлүүлж, АН, МАН-ын өмнөөс тавьсан нь сэжигтэй.
Улс төрийн тохироо гэж энэ. Угтаа сонгуульд биш шинэ намын эрэлд хатаж явсан эрийг намдаа элсүүлж чамгүй рентингтэй улстөрчдийн өмнөөс түймэр болгож тавьсан нь сонин. Н.Энхбаярын хүслийг тээж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар гэж бүр сонин эр байх юм даа. Түүнд ард түмэн байтугай намын зарим нөхөд нь ч итгэл үзүүлэхгүй нь үү гэлтэй илүү дутуу үгээр бөмбөгдөж эхэлжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд л “Өөрийгөө манай намын гишүүн мөн, ХҮН-ын дарга биш гэж нотолж чадахгүй байгаа. Дээд боловсролтой гэж худлаа мэдүүлж байснаа хүлээсэн, “Би нэр дэвшихгүй гэж бодож байснаа, Ж.Эрдэнэжамьян даргын үгэнд уяраад нэр дэвшихээр шийдлээ” гэж сэтгэл хөөрлийн юм ярьж байна. Албан тушаал руу тэмүүлж байгаа С.Ганбаатарыг дэмжихгүй гэдгээ албан бланкаараа илэрхийлж байна. Миний нэр дэвшүүлэхээр санал болгосон Гавьяат хуульч С.Нарангэрэлийг үл ойшоолоо. Арван тэрбум төгрөг гаргаж чадах эсэхээр шалгуур болгож, мөнгөөр өрсөлдүүлж нэр дэвшүүлж таарахгүй. Хэрэв шаардлагатай бол би МАХН-аас гарах болно” хэмээн ширүүхэн байр сууриа илэрхийлсэн нь сэжиг дагуулж, нам доторхи тохирооны нэгээхэн хэсгийг ил болгож орхив уу гэлтэй.
Дэлхий дахинд улс төрийн попчдын хөл хумигдаж, гар “гав”-лагдаж байхад манай улсад мандаж, бас цэцэглэж байх жишээний. Үг хэлээр амлах, үйл хөдлөлөөр хэрэгжүүлэх тэнгэр газар шиг зөрүүтэй зүйл. Тэгээд ч ам нээх бүрт ардчилал хэмээн хашгирсан популистуудын зам мөр ямар байна вэ. Олон нийтийн тархийг угааж, талхыг нь хувааж болох ч тоглоом тоотой нь дээр гэдэг шиг топ популистуудаас татгалзах цаг болжээ гэмээр.
Манайхан чинь нутгархаг, нугархаг жалга довны үзэлтэй хүмүүс шүү дээ. Тэрний морь, энүүний бөх, тийм ч улстөрч гэж ирээд хэсэг бүлгээрээ бүр хэдэн өдөр ч хамаагүй маргалдаж, мэтгэлцээд явдаг хүмүүс. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль гэж сайхан сэдэв гарч ирлээ. Ерөнхийдөө нэр дэвшигчид эцсийн байдлаар батламжлагдлаа. Хагаралдах, мэтгэлцэх шалтаг мундахгүй. Тэгэхээр нэг үеэ бодвол Ерөнхийлөгч ямар эрх мэдэл, хэм хэмжээтэй хүн бэ гэдгийг гадарлахтайгаа болсон цагт улс төрийн намууд нь ч, улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох иргэд нь ч хариуцлагатай хандахгүй бол горьгүй нь ээ.
Эх сурвалж: