Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ. Сар шинийн баярын шинийн нэгэнд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө Төрийн золголт болдог уламжлалтай. Төрийн золголтыг эхлүүлж Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөг эгшгийг хөглөж, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээсэн юм. Төрийн Хан хуурын хөг эгшгийг 24 дэх жилдээ зохируулан тааруулж байгаа юм. Энэ үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Гарч байгаа тахиа жилдээ өвөрмөц, түмэн олонд маань түмэн хишгээ хайрласан жил гарч байна. Гал тахиа жилийн хувьд хөдөлмөрлөсөн, хичээсэн хүн бүрт ээл, ивээлээ өгсөн сайхан жил болно гэж бодож байна. Нийт ард түмэндээ гал тахиа жилийн халуун мэндийг хүргэж, сайн сайханыг хүсье. Дэлхийн дүүрэн Цагаан сараа тэмдэглэж байгаа өнцөг булан бүрт байгаа монголчууддаа ч бас сар шинийн мэнд дэвшүүлье, сайхан шинэлээрэй” гэсэн ерөөлийг өргөсөн юм.
УИХ-ын дарга М.Энхболд “Бичин жилийн өнтэй давсан нийт монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлэе. Тахиа жил түүхэндээ монголчуудад ээлтэй жил байсныг билэгдэн гал тахиа жилд ч мөн эдийн засаг сайжруулах, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, ихийг хийж бүтээх жил ирж байна. Алтан унжлагат тахиа жил булган сүүлтэй байу монголчууд ажилтай, орлоготой, эрүүл энх байхыг билэгдэн ерөөе” гэж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Алтан унжлагат тахиа жил монголчуудад ивээлээ өгсөн жил байх болтугай гэж хүсэн ерөөж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсье” гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт золгосноор төрийн золголт өндөрлөв.