Дэлхийд байгаа муурын төрлийн хамгийн том нь бар юм. Ялангуяа Оросын Алс дорнодын амарын бар 270, тэр ч бүү хэл 320 кг жин татахуйц аварга биетэй аж. Түүний дэргэд арслан жижигхэн. Тэр ердөө 125-227 кг жин татдаг байна.

Бар маш их хүчтэй. Үхсэн гаур бухыг ганц бар 12 мерт газар чирсэн байв. Гэтэл 13 хүн энэ бухыг байрнаас нь хөдөлгөж чадаагүй байна. Өөр нэг бар барьсан адуугаа 500 метр чирчээ. Бар сүргээсээ тасарсан залуу заантай хатуу тулалдаан хийж хааяа нэг дийлддэг ч тал бий. Германы амьтан судлаач И.Вайгель хоёр бар нас гүйцсэн заан руу хэрхэн дайран барьсныг ажигласнаа тэмдэглэн үлдээж байжээ.

Барын ангийн гол олз нь буга, гөрөөс, гахай юм. Туулай, үнэг, дорго, цөөвөр чоно мэтийн амьтадтай таарвал бас өршөөхгүй. Өлссөн үедээ мэрэгчид, мэлхий тэр ч бүү хэл жимсээр ч хооллоно.

Ингэхэд өлсөхгүй байхын тулд бар хэдий хэрийн мах хэрэглэсэн байх шаардлагатай вэ?

Элжимжийн амьдралыг судлагч Ж.Шаллер ХХ зууны 1960-аад онд Энэтхэгийн барын амьдралыг судлаад дунджаар өдөрт 7-9 кг мах иддэг болохыг тогтоожээ. Тэгэхээр барын нэг жилийн махны хэрэглээ 2.5-3.5 тонн орчим гэсэн үг юм. Хэрвээ барын идэлгүй орхисон ангийн яс, арьс зэргийг тооцвол түүний жилд барьсан ангийн нийт хэмжээ ойролцоогоор 4.5 тонн хүрэх бөгөөд энэ нь арслангийн хэрэгцээнээс 2 дахин их гэсэн үг аж.

Бас усанд хачин дуртай амьтан гэнэ. Түүний идээшилж байгаа газрын ойролцоо ус байвал түүн рүү байн байн очиж ундаалдаг бөгөөд усны боргионд амаа хийх удаан зогсох нь бараг амаа цэвэрлэж байна уу гэмээр бодлыг төрүүлдэг гэж амьтан судлаачид өгүүлдэг аж. Аагим халуун өдөр барыг усны дэргэдээс олж харж болно. Үргээж сандаргахгүй тайван байгаа тохиолдолд бар усны хажууд юм уу, усны дотор олон цагаар сэрүүцэн хэвтдэг бөгөөд сайн ч сэлдэг, сэлэх дуртай амьтан аж.

Том гол, Ганга мөрөнг хүртэл төвөггүй сэлэн туулдаг өлөгчин бар жил бүр төрдөггүй. Голдуу нэг төрөлтөөрөө хоёроос дөрвөн бамбар төрүүлдэг. Залуу бар 2-3 жил, заримдаа 5 жил хүртэл эхтэйгээ амьдардаг байна. Бамбар ердөө эхний сард л эхийн сүүгээр хооллож, дараагийн сараас маханд дасаж эхэлдэг байна. Гэсэн хэдий ч өлөгчин бар бамбараа 13-14 сар сүүгээр тэжээдэг аж.

Эр бар хичнээн өлөн хоосон байсан ч бамбаруудаа түрүүлж хооллодог

Ан хэрхэн хийхийг өлөгчин бар бамбартаа зааж сургадаг байна. Анд гарахдаа том амьтныг хэрхэн отож мяраах, яаж барих аргад сургадаг бөгөөд жишээ нь, одос үхрийг мөрдөж, түүнийг шархдуулж унагачихаад өөрөө холдон явахад бамбарууд нь амьд одос бух руу дайрч гүйцэт агнана.

Анд гарч сурч байгаа бамбаруудын хэн нь ч нэг нэгнээсээ түрүүлэх оролдлого хийдэггүй. Бүгд эх барын мөрөөр ар араасаа шил даран явах бөгөөд эхийгээ зогсох бүрт бамбарууд хөдөлгөөнгүй зогсон хүлээж, өлөгчин бар олзныхоо яг өмнө 30 ярдын зайд хэвтээд бамбаруудаа харахад эхийнхээ хачирхалтай харцыг олж харсан бамбарууд заасан зүг рүү нь дуу гаргалгүй сэмхэн хөдөлж байгааг ажигласан амьтан судлаачийг барын амьдралын энэ хэв маяг гайхшируулж байжээ.

Эх бас бамбаруудаа жижигхэн байх үед эцэг барыг ойртуулдаггүй байна. Төрөлтийн дараа нэлээн хугацаа зарцуулж байж эр бар аажмаар гэр бүлдээ эргэн нийлдэг аж. Эр бар хэчнээн өлөн хоосон байсан ч олзонд хомхой сэтгэлээр ханддаггүй. Бамбаруудаа цадтал идэхийг тайван хүлээж байгаад дараа нь өөрөө зоогоо барьдаг байна.

Эх сурвалж: Байгалийн сонин хачин

By updown

4 thoughts on “Дэлхийн хамгийн хүчтэй араатан: 13 хүний байрнаас нь ч хөдөлгөж чадахгүй том амьтныг 12 м газарт чирнэ”
  1. араатаны хаан чинь бар шүү дээ.арслан гэж зүгээр толгой холбоод шаачихсан юм.

  2. араатаны хаан чинь бар шүү дээ.арслан гэж зүгээр толгой холбоод шаачихсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн