Францын нийслэл Парис хотноо 2020 оны 02 сарын 08-ны өдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа мөнгөн медаль хүртэв.
Эхний өдөр Монголын жүдочдоос 12 бөх дэвжээнд барилдаж тав нь медалийн төлөө шалгарсан бөгөөд Д.Сумьяагаас бусад нь хүрэл медалийн эзэд болов.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумьяа шигшээд шалгарч, шинэ дэлхийн аварга Канадын Криста Дегучид ялагдан мөнгөн медаль зүүлээ.
Харин 48 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх Ширин Буклиг өчих мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний жинд хоёр дахь хүрэл медалийг Францын бөх Мелани Клеммент зүүв.
Харин мөнгөн медалийг Японы 18 настай залуу жүдоч Вакана Кога хүртэв. Украины шилдэг тамирчин, олимп, дэлхийн аварга Дарья Билодид Парисын Их дуулгад хоёр жил дараалан түрүүлэв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин Туркийн бөх Михрак Аккусыг хутгах мэхээр цэвэр ялснаар өмнөх жилийн адил хүрэл медальтан боллоо. Казахстаны алдарт бөх Елдос Сметов мөн хүрэл медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Оросын бөх Яго Абуладзе, алтан медалийн эзнээр Японы алдарт аварга Рюүжү Нагаяма тодров.
Эрчүүдийн 66 кг-д Ё.Басхүү медалийн төлөө Израилын Баруч Шмайловтай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээ авч ялснаар Украины алдарт бөх Георгий Зантараягийн хамт хүрэл медалийн тавцанд зогсов. Энэ жинд аваргын төлөө БНСУ-ын Ан Баул болон Ким Лим Ван нар барилдаж, Ан Баул түрүүлснээр Парист хоёр дахь удаагаа алтан медаль хүртлээ.
ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-д хүрэл медалийн төлөө Японы алдарт бөх Машаши Эбинуматай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид эхний өдөр 1 мөнгө, 4 хүрэл медаль багтаа авчирлаа