“Оскар”-ын наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт эхэллээ. Энэ удаагийн наадмыг өнгөрсөн жилийнхтэй адил хөтлөгчгүйгээр явуулж байгаа юм.
“Оскар-2020” наадамд “Joker” уран сайхны кино хамгийн олон буюу 11 шагналд нэр дэвшсэн бөгөөд уг киноны гол дүрийн жүжигчин Хоакин Феникс “Шилдэг эрэгтэй дүр”-ээр шалгарах магадлал өндөр байна.
Мөн “Шилдэг кино” шагналын төлөөх өрсөлдөөн БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн уран бүтээл “Шимэгч” болон Английн найруулагч Сэм Мендесийн уран бүтээл “1917” киноны дунд өрнөнө хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ.
“Шилдэг найруулагч” шагналд Квентин Тарантино /“Once Upon a Time in Hollywood”/, Мартин Скорсезе /“Irishman”/, Тодд Филлипс /“Joker”/, Сэм Мендес /“1917”/ болон Бон Жун Хо /“Шимэгч”/ нар нэр дэвшжээ.