-“The Washington Post”сонины баталж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч эдгээр мэдээллийг задалснаар “Исламын улс” алан хядах бүлэглэлийн тухай мэдээлэл өгдөг чухал эх сурвалждаа аюул заналхийлэл учруулж буй гэнэ-

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Вашингтон дахь Оросын Элчин сайд Сергей Кисляк нартай өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд уулзалт хийх үеэрээ маш нууц мэдээллээ задалсан байж болзошгүй байна. Энэ талаар АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчдийн хэлснээс эш татан “The Washington Post”сонинд мэдээлжээ. Трамп эдгээр мэдээллийг задалснаар “Исламын улс” алан хядах бүлэглэлийн тухай мэдээлэл хүргэдэг чухал эх сурвалжаа аюулд оруулж байна гэж төлөөлөгчид үзэж буй аж.

Юуны тухай яригдсан бэ

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч протоколыг зөрчиж, “Исламын улс” бүлэглэлээс агаарын тээвэрт нөүтбүүк ашигласан шинэ аюул заналхийлэл ирж болзошгүй талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тухайлбал, тэрбээр “Би тагнуулын маш сайн мэдээлэл авч байгаа. Надад тагнуулын гайхалтай мэдээллийг өдөр болгон хүргэдэг хүмүүс бий” хэмээн Лавров, Кислякт хэлсэн тухай “The Washington Post”-ын эх сурвалж дурджээ. Төрийн тэргүүн өөрсдийн гол түншүүдийнхээ нэгний ачаар олж авсан мэдээллүүдээ Оросын сайд, Элчин сайд хоёрт ярьсан байна.

Трамп алан хядагчид тодорхой тулаан явуулж мэдэхээр байгаа талаар яриад тэд ямар аюул учруулж болзошгүй тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ. Түүнчлэн тэрбээр АНУ-д тагнуулын мэдээ солилцдог хяналтын газар нутгууд, хотуудыг нэрлэсэн байна. Эрх бүхий албан тушаалтнуудын хэлснээр Трамп АНУ Исламын улсын шинэ аюул заналхийлэлд тэмцэхээр ямар алхам авах тухайгаа ярьж, Ирак, Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа ярьсан аж.

Сонинд мэдээлснээр Лавров онцгой нэгэн идэвхгүйгээр эдгээр мэдээллийг хүлээн авч, Вашингтоныг алан хядах ажиллагаатай тэмцэх асуудалд Москватай нягт хамтран ажиллахыг уриалжээ.Трамп, Лавров, Кисляк нарын уулзалтын дараа Цагаан ордны томоохон албан тушаалтнууд Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагт хандаж, аль болох хохирол бага амсах арга хэмжээ авахаар болсон гэнэ. Гэсэн хэдий ч Америкийн удирдагч засгийн мэдээллийг ил болгох, тохирох шийдвэр гаргах бүрэн эрхтэй болохоор хууль зөрчсөн гэхэд төвөгтэй юм. Харин АНУ-ын Засгийн газрын ямар ч гишүүдийн зүгээс ийм үйлдэл хийвэл хууль бусад тооцогддог аж.

Хэтэрхий их мэдээлэл

Сонины эх сурвалжийн үзсэнээр Трамп Оросын Элчин сайдад АНУ-ын холбоотнууддаа өгдгөөс ч илүү их мэдээлэл хүргэсэн гэнэ. Оросын талд өгсөн мэдээлэл нь АНУ-ын түншүүдэд тагнуулын мэдээлэл солилцох механизмаар дамжин хүрдэг, зарим зүйлийг нь холбоотнуудаасаа ч нуухаар эмзэгт тооцогдох мэдээлэл байжээ. Үүнийг АНУ-ын өндөр албан тушаалын хэн хүссэн нь бүрэн олж мэдэх боломжгүй.

Исламын улс бүлэглэлийн мэдээллийг дамжуулагч эх сурвалж үүнийг Оросын талд өгөөрэй гэж АНУ-д өгөөгүй нь лавтай гэж “The Washington Post”-т бичжээ. Америкийн өндөр албан тушаалтнуудын үзэж буйгаар Трампын энэхүү шийдвэр нь Исламын улсын тухай чухал мэдээллийг эзэмшдэг холбоотнуудтайгаа цаашид хамтран ажиллах уу, үгүй юу гэдэг асуудалд хүргэж байна. Трампын хийсэн энэ үйлдэл Вашингтоны засаг захиргаанаас төдийгүй түүний өмнөх ажилтнуудаас томоохон шүүмжлэл амсаж байгаа аж.

“Орос улс манай эх сурвалжуудыг тодорхойлох, эсвэл тагнуулын мэдээллийг цуглуулах аргыг мэдэх боломжтой. Оросын тусгай албаныханд ч үүнийг хийж ядаад байх юмгүй гэж би бодож байна” хэмээн эх сурвалж мэдээлжээ. Түүний үзэж буйгаар оросуудад ийм мэдээллийг дамжуулсан нь чухал мэдээлэл өгсөн АНУ-ын түншүүдийн харилцаанд том цохилт болж мэдэх гэнэ. Цагаан ордон дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Трампыг гадаадын эрх бүхий албан тушаалтнуудтай хийх уулзалтад нь бэлтгэдэг. Гэвч тус зөвлөлийнхөн зарим зөвлөгөөг түүнд өгч амждаггүй бололтой.

Э.МӨНХЗАЯА

By updown

One thought on “Трамп Лавровтой нууц мэдээллээ хуваалцжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн