[starbox]
-Мөн жилд арав гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га газар, ой модыг байгалийн гамшиг, гал түймэрийн болон бусад аюул ослоос хамгаалдаг байна. Гэвч сүүлийн 10 жилд 33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алджээ-
Өнөөдөр (2017.5.17) Сүхбаатарын талбайд Нийслэлийн онцгой байдлын газрын нээлттэй өдөрлөг 10:00-16:00 цагт боллоо. Байгалийн гамшиг, ахуйн гал түймэр, автотээврийн осол, хүний амь нас, эд хөрөнгийг өөрийн амь насаараа хамгаалдаг албан хаагчид бол Онцгой байдлыхан.
Тус албаныхан жилд 800 гаруй хүний амь нас, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га газар, ой мод авардаг байна. Гэвч сүүлийн 10 жилд 33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алджээ.
Өдөрлөгийн үеэр албаныхан өөрсдийн ашигладаг ойн түймэр унтраах, уснаас аврах, авто ослын багаж техникүүдээ иргэдэд үзүүлж тайлбарлаж байв. Тэдний техник хэрэгсэл нь БНСУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 3-4 жил ашиглагдаж байгаа гэнэ.
Өдөрлөгт амиа алдсан зарим албан хаагчдын ар гэрээс нүдэндээ нулимстай эцэг эх ирсэн байгаа нь харагдсан.
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын газарт тулгамдаж буй асуудлын нэг бол гал унтраах техникийн автомашины хүрэлцээ муу байдаг гэж гал унтраах, аврах ангийн алба хаагч нар хэлж байв. Тухайлбал, галыг унтраах, өндөр барилга дээр ажиллахад ашигладаг автомеханик шат гэхэд нийслэлд гурав байдаг бол автомашины тасдагч, полматор буюу нурсан барилгын хөшүүрэг зэрэг чухал шаардлагатай автотехник дутагдалтай байдаг аж.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн албан хаагч “Улаанбаатар хот өнөөдөр хэчнээн хүн амтай билээ. Гэтэл онцгой байдлын хэмжээнд гал унтраах гуравхан автомеханик л ашиглаж байгаа гэхээр яаж хүрэлцээтэй байх вэ дээ. Хөдөө орон нутагт бол техник хэрэгслийн хангамж маш муу” хэмээн өгүүлж байв.
Харин Нийслэлийн Онцгой байдлын газарт 17 жил ажилласан Нийслэлийн аврах ангийн 105-р бүлгийн дарга, ахлах дэслэгч Э.Баттулга “Би Нийслэлийн онцгой байдалд олон жил ажиллахдаа өчнөөн хүн аварч байсан. Иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж усанд живэх нь их. Осолдсон иргэд ихэвчлэн согтуу эсвэл бага насны хүүхэд байх нь бий. Мөн тогтмол усыг гүехэн гэж эндүүрээд туулах гэж байгаад осолддог. Тиймээс дулааны улирал ирж байгаа энэ үед иргэд анхаарал болгоомжтой зугаалж байхыг сэрэмжлүүлье” гэлээ.
Энэ үеэр хүүхдүүдэд гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар албан хаагчид зөвлөгөө өгч байсан юм. Эх орондоо учирч болох эрсдэл, иргэдийн амь насыг цаг үргэлж хамгаалдаг нь онцгой байдлын албан хаагчдын өдөр тутмын ажил хэдий ч тэдний байгуулсан гавьяагаар бас бахархах учиртай билээ.
Уснаас хамгаалах хувцас
Яаралтай түргэн тусламж