Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2017.05.16) хэвлэлийн хурал хийж өөрт нь олон нийтийн сүлжээнд ашигладаг ямар нэгэн хаяг байхгүй гэж мэдэгдлээ. Өчигдөр түүний нэртэй хаягаас ХХБ-ыг санхүүгийн хүнд байдалд орсон тухай мэдээлэл цацагдсан тул энэ тайлбарыг хийж байгаа гэлээ.
Мөн өчигдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар арилжааны банктай холбоотой ямар нэгэн мэдээлэл хийгдээгүй. Банкны салбар эмзэг, итгэл, хүлээлт дээр тогтож байдаг учраас ийм асуудалд заавал хариу өгөх ёстой гэж тэр мэдэгдэв.
Сайдын нэр бүхий олон нийтийн сүлжээн дэх хуурамч хаягийг хэн нээсэн болохыг шалгуулахаар Сангийн яамныхан хуулийн байгууллагад хандах гэнэ. Дашрамд дурдахад ирэх лхагва гаригт болох ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой асуудал хэлэлцэгдэх гэнэ.
Б.Чойжилсүрэн сүүлийн жилүүдэд цахим технологи, олон нийтийн сүлжээ хурдацтай хөгжиж, аливаа мэдээлэл баримт нотолгоогүйгээр тархах бололцоотой болсон. Банк, санхүүгийн салбарын талаарх энэ мэт худал мэдээлэл нь тус салбарт болон иргэд, олон нийтэд хурдацтай сөрөг нөлөө үзүүлдэг онцлогтой.
Тиймээс хэвлэл мэдээллийнхэнд хандан иргэд аж ахуйн нэгж байгууллага, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн аюулгүй байдал, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой сөрөг үр дагавартай ташаа мэдээллийг хэвлэн нийтлэхгүй байхыг хүсье гэв. Түүнчлэн олон нийтийн сүлжээ хэрэглэгч иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна гэлээ.