Тавдугаар сарын 16 дэлхийн түүхэнд…
Намтар бичигчдийн баяр
Энэ өдөр Намтар бичигчдийн (Biographers Day) баяр тохиодог. Юм мэддэг хүмүүс өнөөдөр, яг энэ өдөр Сэмюэл Жонсон (Samuel Johnson, 1709-1784) Жеймс Босуэллтай (James Boswell, 1740-1795) уулзалдсаны ойг тэмдэглэж байгааг мэднэ. Тэд 1763 онд Лондон хотын нэгэн номын дэлгүүрт тааралдан танилцсаны үр дүнд 1791 онд хэвлэгдсэн “Сэмюэл Жонсоны амьдрал” гэдэг хоёр боть ном төржээ. Сэмюэл Жонсон, буюу Доктор Жонсон гэж дуудагдаж ирсэн энэ англи хүн гайхамшигтай шүүмжлэгч, хэл ярианы судлаач, XVIII зууны хоёрдугаар хагаст тодорсон яруу найрагч юм. Түүний хамгийн алдартай бүтээл нь есөн жилийн турш бүтээсэн Dictionary of the English Language байлаа.
Хамгийн алдартай намтар зохиогч
Шотландын зохиолч, намтар тууривагч Жеймс Босуэлл Сэмюэл Жонсонтой уулзаж түүний яриа, оновчтой үг, хэллэг зэргийн асар их материал цуглуулж, тэмдэглэн авч өнөөдрийг хүртэл намтар зохиолд шимтэгчдийн дуртайяа уншдаг “Сэмюэл Жонсоны амьдрал” гэх алдартай зохиолоо бичжээ.
Манайд намтар гэж орчуулагдан тогтсон биографиа гэсэн үг нь “амьдрал, бичиж байна” гэсэн эртний грекийн хоёр үгнээс үүсчээ. Ихэнх тохиолдолд биографиа нь хүний талаар бидний авах гэдэг мэдээллийн анхны эх сурвалж юм. Хамгийн анхны намтар бичигдийн нэг нь эртний Грекийн гүн ухаантан Плутарх. Гэвч харамсалтай нь тэрээр одоогийн олон мундаг намтар бичигчдийн ард мартагдан үлджээ. Өнөөдө тавдугаар сарын 16 бол тэднийг дурсан санах нэг шалтгаан мөнөөс мөн юм.
“Мөнхийн гэрээ” гэх энх тайвны гэрээ байгуулагджээ
Одоогоос 331 жилийн өмнө буюу 1686 онд Польш–Литовын төлөөлөгчид, Оросын дипломат Василий Васильевич Голыцин нарын хооронд удаан хугацааны хэлэлцээрийн явцад төрсөн Орос ба Речь Посполитая (өнөөгийн Польш ба Балтийн орнуудын нутаг дэвсгэрт байсан улс) хоёрын хооронд байгуулсан “Мөнхийн энх тайвны гэрээ” гэгч мэндэлжээ. Энэ гэрээ нь 1667 оны Андрусовскийн эвлэрлийн нөхцлийг батлан Орост Смоленскийн орчим Зүүн эргийн Украин, Запорожье ба Чернигов болон Стародубыг оруулсан Хойт хязгаарын нутаг дэвсгэрийг баталгаажуулж өгчээ. “Мөнхийн гэрээ”-г хэрэгжүүлэхээр Орос Крымын хаант улсын эсрэг дайтахаар болсон байна. Үүний хариуд нь польшууд 145 мянган рублийн нөхвөр авч Киеваас нэг мөр татгалзсан ажээ.
Вандомын баганыг буулгав
Парисийн коммунарчууд Наполеоны ялалтад зориулан 1806-1810 онд босгосон Вандомын баганыг 1871 оны энэ өдөр буулгаж нураажээ. Эзлэн түрэмгийлэх дайны бэлгэдэл болсон энэ хөшөөг буулгах тунхаглалыг тэд дөрөвдүгээр сард гаргажээ. Буулгаснаас хойш дөрвөн жил өнгөрөөд уг баганыг дахин сэргээн босгосон байна. Уг баганыг дайснаас олзолсон их буунуудын хүрлийг хайлуулан босгосон бөгөөд баганыг Наполеоны хөшөө төгсгөдөг. Түүний өндөр нь 43,5 метр. Өнөөгийн Парис хотын гол түүхэн дурсгалуудын нэг юм.
Берлинд анхны трамвай гарч иржээ
XIX зууны сүүлчээр Берлины төвд гудамжны хөдөлгөөн ихээхэн хүндрэлтэй болсон байлаа. Хотын хүн ам нэг сая болсон байв. Цахилгаан трамвай байдлыг өөрчилж болохоор байсан учраас Цахилгааны компанийн инженер Вернер фон Сименс цахилгаан зам барих санал тавьжээ. Сименс 1879 оны хавар Берлины үзэсгэлэн дээр цахилгаан төмөр замыг цахилгаан зүтгүүртэй вагонуудтайгаар харуулжээ. Тэр нь тухайн үедээ ихээхэн анхаарал татаж байлаа. Гурван вагон чирсэн цахилгаан зүтгүүр 18 хүнийг зөөж байсан ба үзэсгэлэн дээр уурын биш, мориор чирдэггүй тээврийн хэрэгслээр зорчих гэсэн хүмүүс олон байв. Сименс өөрийн мөнгөөр трамвайн загварыг хийлгэж, 1881 оны энэ өдөр Берлины захын Лихтерфельд ба Кадетын корпусийн хооронд тавьсан замаараа явуулсан нь морийг халсан хотын тээврийн хэрэгслийн эхлэл байжээ.
Америкийн кино академийн “Оскар” гардуулах анхны ёслол болжээ
Оскарын шагналыг Metro-Goldwyn-Mayer студийн босс Луис Б.Майер анх санаачилсан ба энэ нь өдгөө дэлхийн кино урлагийн хамгийн алдартай шагнал болсон юм. Шагнал гардуулах анхны ёслол Холливудын “Roosevelt” зочид буудалд 1929 оны энэ өдөр болсон байна. Ёслолыг радиогоор дамжуулдаг байгаад 1953 оноос телевизээр үзүүлэх болжээ. Дал орчим жилийн турш шагналыг гуравдугаар сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхээр гардуулж байгаад 2004 оноос хоёрдугаар сарын сүүлчээр гардуулах болсон юм.
Уг ёслолоор 10 мянгаад хүний ажлын байр бий болж, мужийн төсөвт 700 сая ам.доллар авчирдаг гэж 2007 оны тооцоонд гарсан байлаа. Бусад кино шагналуудыг бодвол бараг 10 мянга гаруй хүнтэй кино академийн гишүүдийн шууд сонголтоор шагналын эзэн тодордог. Өдгөө Оскарын шагналыг 24 үндсэн номинациар гардуулж байна. Оскарын 34 см-ын өндөр, 3,85 кг жинтэй баримлыг британи гэх бодисны хольцоор бүтээж, алтаар бүрэн хар боржин сууринд бэхэлжээ. Домгоор бол Седрик Гиббонс баримлын эскизийг нэгэн залхуутай хуралдаан дээр сууж байхдаа бүтээсэн гэх. Анхны завгарыг харсан нэгэн нь “Энэ чинь манай Оскар авга байна” гэж хэлснээр Оскар гэсэн нэр уг шагналд “наалджээ”.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС