[starbox]
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг буюу 120-ын автобусны ард байрлах “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гаригт (2017.05.13) монгол ахуй, малчдын аж амьдралыг таниулах зорилгоор “Балдан гуайнхаар ороод гараарай” гэр үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Малчин Балдан гуай гэрээ бариад таван хошуу малтайгаа Нийслэлийн хүүхэд залуусын “амьд үзмэр” болжээ. Бага насны хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд “ямааны зулзагыг ишиг гэдэг юм, үүнийг ботго гэнэ. Энэ хардаа тэмээ” гэх зэргээр тайлбарлаж байна билээ.
Ээж аав, ах эгч, эмээ өвөөтэйгээ ирсэн хүүхдүүдийн ихэнх нь таван хошуу мал, монгол гэрийг анх удаа харж байгаа нь энэ аж. Тэд ботгыг тэмээний зулзага, гэрийг монгол байшин гэх зэргээр нэрлэнэ.
Харин 10-12 насны хэсэг хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр ормогцоо таван хошуу малаа хараад цочирдсон бололтой. Цайвар царайтай зэгзгэр охин тэмээг зааснаа “Хөөх тэмээ байна уу гүү юу, хуурамч юмуу” гэж уулга алдах юм.
Найман настай балчираас наян настай буурлуудын амьд үзүүлэн болсон эдгээр 10 гаруй бог малыг Сэлэнгэ аймгаас авчирчээ.
Санаа нь зөв ч, монгол ахуй соёл, хөдөө нутгийн амьдрал устаж үгүй болсоны тод жишээ болсон энэ үзэсгэлэнгийн зохион байгуулагчид “амьд музей”-г уламжлал болгон зохион байгуулна гэж онцоллоо.
Тус хорооны Засаг дарга Г.Болд “Эцэг эхчүүд ажлын цаг заваасаа шалтгаалан тэр бүр хөдөө явах боломжгүй байдаг. Иймд монгол ахуйг хүүхдүүдэд танилцуулах зорилготой хотын төвдөө малчин айлын орчин бүрдүүлвэл мянга мянган хүүхдүүд энд ирэх юм. Мэдээж хөдөө орон нутгийг гүйцэхгүй. Та харсан байх, энд ирсэн хүүхдүүд таван хошуу малаа нэрлэх нь бүү хэл монгол гэрээ ч танихгүй байна. Ээж аав нь гэрт ороод унь тооно гээд зааж өгхөд ойлгохгүй байгаа нь үнэхээр нүүдэлчин монголчуудын амьдрал цаашид устах аюулд хүрсэнийг харуулж байгаа юм” гэлээ.
Үзэсгэлэнг сонирхож буй эцэг эхчүүд ч бас хүүхдүүдээ хөдөө авч явж амждаггүй гэж байв. Тэд ээж аавындаа очихоор хөдөө аялалаар сард нэг, эсвэл хоёр сардаа нэг л хүүхдүүдээ авч очдог. Орон нутагт хүүхдээ хамгийн ихдээ 5-10 хонуулдаг гэнэ.
Тус хорооны оршин суугч Халиун “ Ажил ихтэй болхоор хүүхдүүдтэйгээ хөдөө явж амждаггүй. Тиймээс л энд ирж байгаа нь энэ” гэлээ. Мөн өөр нэгэн оршин суугчын хэлсэнээр хүүхдүүд монгол ёс заншилаа мэдэхгүй байгааг өнөөдөр хэт их суурьшиж амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлалаа.
Анх удаа тэмээ гэгч их говийн сүрлэг амьтаныг харсан зургаан настай н.Батбилэг хүү зуны амралтаараа хөдөө явж үзээгүй гэж гунигтайхан хэлэв. Мөн дөрвөн настай н.Баясгалан охин эмээтэйгээ Балдангуайнд зочлохдоо таван хошуу малтай танилцахаар иржээ. Түүний хувьд цэцэрлэгт нь энэ талаар заадаг боловч зурагтаар л харсан аж.
Хүүхдүүд малын хашаа болох элсэн дээр баяр хөөртэйгээр тоглох нь ёстой л нар нь гарч байгаа харагдсан. Гэвч 3-5 настангууд барагтай л бол элсэн дээр тоглох боломж нь олддоггүй бололтой. Хүүхдүүдээс асуувал “хааяа нэг”, “заримдаа” гэх хариулт сонсоно.
Эцэг эх, эмээ өвөө нар нь тоглож буй хүүхдүүдээ алив гэртээ хария, болно гэж дуудвал “ээ л дээ тавхан минут тоглоодхоё” хэмээн гуйх хүүхдүүд цөөнгүй харагдсан. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулагчид малын хашааны элсэн дээр ийм их хүүхдүүд тоглоно гэж санаагүй гэлээ.
Хэрвээ та малчин Балдангуайнд зочлохоор сонирхож байвал өнөө орой 19:00 цагт хүртэл ирсэн гийчдийг хүлээн авах юм.