Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчихаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээ. Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Тэрээр энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо МҮЭСТО-нд хийх гэж байгаа билээ.
Б.Бат-Энэрэлтэй уулзахаар түүний багш “Завханы” С.Батсүхийнхийг зорилоо. Учир нь түүний “Эмээ” хэмээн авгайлдаг нагац эгч Г.Барамсаймаа тоглолтынхоо билетийг борлуулахаар гадуур явах үедээ түүнийг багшийнд нь үлдээдэг ажээ. “Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу” хэмээн бяцхан хүүтэй мэндлэхэд “Сайн. Та сайн байна уу. Сайхан хаваржиж байна” гэснээ “Багшаа, хүн ирлээ” хэмээн цаашаа өрөө рүү гүйлээ. “Миний охин чиний дууг сонсох дуртай. Бас чиний шүтэн бишрэгч байгаа юм” гэтэл “Би таван настай. Хоёр настайгаасаа эхэлж дуулсан. Би жаахан байхдаа “Орчлонг хайрлаарай”-г дуулдаг байсан юм” хэмээн хэвлүүхэн ярьж байна.
Том болоод цагдаа, дуучин, лам болох хүсэлтэй хүү гадаад хэл сурах талаар боддоггүй гэнэ. Учир нь гадаад хэл сурлаа гээд гадаад хүн болохгүй шүү дээ гэв. “Миний ээжийг Г.Болормаа гэдэг, менежер хийдэг. Та өөр юу хийдэг вэ. Таниар сонин сайхан юу байна” гээд надаас хэзээний танил мэт элэгсэг асуулт асууж ярилцах нь эгдүүтэй. Цагдаа болох хүсэлтэй түүнд “Цагдаа хүн ухаантай, шударга, бусдад тусладаг байх хэрэгтэй” хэмээн зөвлөхөд минь “Тэр ч тийм шүү” гэв.
Энэ мэтчилэн бид хоёрыг ярилцаж суух зуур багш нь орж ирээд түүний хэрхэн үймүүлснийг хэлэх үед “Багшаа чишш. Тэр талаар битгий яриарай” гээд зүтгэв. Тэрээр заримдаа сахилгагүйтмээр болдогоо хэлж байсан юм.
БАГШ ШАВЬ ХОЁРЫН УУЛЗСАН ТҮҮХ
Багш, шавь хоёрын анх танилцсан түүх энгийн боловч сэтгэл хөдлөм. “Би “Орчлонг хайрлаарай” дууг дуулсан хүүгийн эмээ нь байна. Хүүтэйгээ хамт очиж тантай уулзаж болох уу” хэмээн нэгэн бүсгүй уулзахыг хүсчээ. Ингээд таван настай гэх хэрнээ жижиг биетэй, эгдүүтэй, хөөрхөн хүүтэй уулзсан хэрэг. Гэсэн хэдий ч төдийлөн ойр байхыг хүсээгүй аж. Учир нь олны ойлгомжгүй хэл ам бяцхан хүүг эвгүй байдалд оруулах вий гэх болгоомжлол гавъяатад байжээ. Гэхдээ дуулж байгаа нь ер бусын сонин. Өөрөө дуулаад байна уу, эсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уу гэж эргэлзмээр байсан хэмээн тэрээр дурссан юм. Дуучид нэлээд хөдөлмөрлөж байж сайн дуу гаргадаг бол бяцхан уран бүтээлч маань шууд л дуулдаг байна. Гавъяатын хэд, хэдэн дууг дуулсан аж. Тэгэхээр нь өхөөрдөөд зарим дууныхаа понограммыг өгчээ.
Түүнээс хойш удалгүй бяцхан Энэрэл хүү түүний эмээ /нагац эгч/ Г.Барамсаймаатайгаа өдрийн сайныг товлон багш шавийн барилдлагаа гуйж МУГЖ С.Батсүхийн отгон шавь болжээ. Айлын отгон хүүхэд эрх танхи байдгийн адил гавъяатын отгон шавь ч нэлээд танхи нэгэн бололтой. Өхөөрдөм хөөрхөн, байгалиас заяасан өгөгдөл авъяастай бяцхан хүүгийн ирээдүйд өөрийн чадах чинээгээр тусалж дэмжихийг хүсч буйгаа тэрээр дахин дахин хэлж байв. Тиймдээ ч сайн санааны үзүүрт шар тос гэгчээр санаж, сэдсэн ажил нь бүтэмжтэй байгаад баяртай сууна лээ, гавъяат.
Үүний нэг илрэл нь гавъяаттай маань ижил нэртэй Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Батсүх гэдэг хүн “Глобал” олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмших боломжийг хүүд өгчээ. Б.Бат-Энэрэлд үнэ төлбөргүй суралцах эрхийн батламжаа тоглолтын үеэр гардуулах юм байна. Энэ нь түүний оюунд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болох учир МУГЖ С.Батсүх олзуурхаж буйгаа илэрхийлсэн.
“Б.Бат-Энэрэл бол зүгээр нэг хүү биш. Завханы театрт ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ” хэмээн МУГЖ С.Батсүх бахархаж байв. Сонин содон яриатай, хүн заагаад өгчихсөн юм уу гэмээр зүйлсийг үе, үе ярьдаг нь олныг гайхшруулна. “Үзэгч олон чамайг хайрлаж байна хүү минь” хэмээн багшийгаа хэлэхэд “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэжээ.
Бид урьд нас, хойд төрөл бий гэж ярьдаг. Заримдаа биелсэн гэдэгт ч итгэдэг. Түүнтэй нэгэн адил Б.Бат-Энэрэл хүүг эгэлгүй, ер бусын гэдгийг нь олон түмэн хүлээн зөвшөөрч буй. Тиймээс гоц авъяастай мундаг хүүг эрүүл энх байгаасай гэх чин хүсэл олныг нэгтгэж байгаад баяртай байгаагаа МУГЖ С.Батсүх ярьж байлаа.
КЛИП БҮТСЭН ТҮҮХ
“Хаан заяатай орчлон” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарласан байна. Гэтэл Энэрэл хүү сурснаа үзүүлэхээр ирж. Ингээд багштайгаа хамт дуулмаар байгаагаа хэлсэн боловч МУГЖ С.Батсүх зөвшөөрөөгүй гэдэг. Ингэхдээ олон зүйлийг тайлбарлахын зэрэгцээ балчир хүүхдээр шоу хийлээ гэж хүмүүс хэлнэ. Тиймээс болохгүй гэсэн аж. Түүний дараахан Энэрэл хүү телевизийн ярилцлагад оролцох үеэрээ “Булдаруу Төрмандахтай дуулж болоод л байна. Гэтэл би багштайгаа дуулж болдоггүй ээ. Миний багшийг та нар битгий муулаад, буруугаар ойлгоод байгаарай” хэмээн хатуу сануулга өгч харагдсан юм.
Харин гавъяат тусламж хүсч ирснээс нь хойш хүүд хамааралтай хоёрхон хүнтэй л уулзаж. Тиймээс нэлээд бодсоны эцэст гэр бүлийг нь судалж, яг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан байна. Ингээд багш шавь хоёр хамтдаа дуулж клипээ ч хийлгэж. Гэхдээ клипээ цацалгүй хэсэг харзнаж. Учир нь Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэнтэй гэрээ хийхээр болжээ. Хамгийн гол нь “Цуглуулсан хандив хүүгийн эрүүл мэндэд зориулагдах учиртай. Тиймээс мөнгө хураах ажилд оролцохгүй, харин мөнгөний зарцуулалтад хяналт тавих болно” хэмээн гэрээндээ тусгасан байна. Банкны гүйлгээг нь шилэн болгох, гарч байгаа зарлагыг интернэт банкаар олон нийтэд хянуулж байхыг ч хүсчээ. Яагаад гэвэл, энэ нялх амьтан дуулаад хэдэн төгрөг олдог, гэтэл хамаатан садан нэртэй хүмүүс нь хэрэглээд дуусчихаж болохгүй гэдгээс гавъяат хаширласан байна. Энэ бүхний дараа хийлгэсэн клипээ цацаж, тоглолтын зараа эхэлжээ.
УУГУУЛ НУТГИЙНХАА УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА
Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг Б.Бат-Энэрэл багшийгаа Завханд тоглолтод оролцохоор явахад араас нь дагаад очиж. Зорилго нь “Отгонтэнгэр” хайрханд мөргөх байсан ч багшаасаа тайзан дээр гарч дуулуулж өгөөч гэж бас гуйжээ. Хүүг тоглолтын үеэр тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сайхан хүлээж авсан нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ үеэс л хандивын ажил эхэлсэн бөгөөд урилгаар ирж тоглолт үзсэн хүмүүс хандив өргөжээ.
Б.Бат-Энэрэл Завханы гаралтай. Түүний эмээ, өвөө нь Завханы уугуул, ээж нь Улиастай хотынх юм байна. Хүүг тайзан дээр байхад “Миний хүү юу хүсч байна” гэхэд нь “Миний ээж Солонгост биш миний хажууд байгаасай” гэсэн нь олон хүний аньсаганд нулимс хуруулсан байна.
ИРЭЭДҮЙ НЬ БАТ БӨХ БАЙХЫГ ЗӨГНӨН ЭНЭРЭЛ ХҮҮГИЙН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ
Б.Бат-Энэрэл хүүг уг нь Энэрэл гэдэг. Дөнгөж төрсөн цагаасаа л юм хардаггүй байж. Мэдээж энэ хугацаанд эмч домч, лам бөө гээд сайн л гэсэн хүн болгонд үзүүлснээ Г.Барамсаймаа хэллээ. Саяхан хүүгийн нэрийг өөрчлөх хэрэгтэй гэсэн учраас Бат гэж нэрийнх нь өмнө залгахаар болсон байна. Ингээд Энэрэл хүү Б.Бат-Энэрэл гэдэг нэртэй болжээ.
Хүүгийн мэлмий огт хардаггүй байснаа сүүлд бага зэрэг харж эхэлснийг анзаарсан аж. Түүнээс хойш хүүгээ хараа орж магад гэсэн итгэлээр хүлээсээр байгаа гэнэ. Харамсалтай нь хүү одоо таван настай ч хоёр настай хүүхэд шиг давжаа биетэй. Учир шалтгааныг нь тодруулах гэж дотооддоо олон эмнэлэгт үзүүлсэн ч өсөлт нь зогссон байж болзошгүй, Монголд эмчлэх боломжгүй гэдэг хариу сонссон байна. Тиймээс л хандивын аян эхлүүлж гадагшаа явж оношлогоо хийлгэхээр болсноо Г.Барамсаймаа хэллээ. Биднийг уулзаж байхад олон хүн түүнтэй ярьж байлаа. Тэд “Хүү бол ер бишийн хүн. Тиймээс харааны бэрхшээл, нүдний гажгийг засах гэж яарах хэрэггүй, өөрөө хараа орох магадлалтай шүү” гэж сануулж байлаа. Гэвч энэ хандивын тоглолтын орлогоор нүдний хагалгаа хийлгэх бус биеийн өсөлт хөгжилт зогссон эсэх талаар тодруулах, шаардлагатай эмчилгээг хийлгэх зорилготой гэдгийг хэлж байв.
“Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг их татаж байна. Өөр өгөгдөл байна. Надтай учрах бас л нэг тавилантай байж дээ гэж боддог” хэмээн гавъяат ярив.
ЭЭЖИЙН, ЭМЭЭГИЙН ХАЙРТАЙ
Бяцхан хүү 7-8 сартайдаа хэлд орсон байна. Дөнгөж ой гарантай байхдаа хүн рүү залган утасных нь hitone дээр явах дууг цээжлэн төвөггүйхэн дуулдаг байж. Эвлэгхэн хоолойтой хүүгийнхээ бичлэгийг өөрийнхөө фэйсбүүкт хадгалдаг болжээ. Ингэснээр Солонгост байгаа ээж нь сонсч болохоос гадна өөрөө ч хүссэн үедээ дууг нь сонсдог гэж Бат-Энэрэлийн “Эмээ” хуучлав.
“Эмээ” гэж дуудуулдаг нагац эгч Г.Барамсаймаа нь хүүгийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэн. Бат-Энэрэлийн ээжийг Г.Болормаа гэдэг. Тэд эхээс хоёулаа. Хатууг сөрж, амьдралынхаа төлөө зүтгэж яваа дүүдээ туслан хүүг нь харж яваа сайн “Эмээ”. Харин түүнийг ойлгон өнөөг хүртэл хамтдаа зүтгэж байгаа “Эмээ”-гийнх нь хань Д.Ганзоригийг мартаж болохгүй юм. Тэрээр Японы тулааны урлаг “Кэндо”-гийн “Чоно” клубийн багш. Тэрээр хүүг хатуужил, хүндлэх мэндлэх ёс болон эмх цэгцтэй болгож хүмүүжүүлэхийн тулд энэ урлагаар хичээллэхийг зөвлөж бас дасгалжуулдаг аж. Бяцхан баатар маань тус клубын тамирчин бөгөөд хоёр наснаасаа хичээллэж эхэлжээ. Багшийнхаа үгэнд сайн ордог. Тулааны урлагтаа ихэд сонирхолтой гэнэ.
Түүнчлэн хүүг буруу зүйл хийвэл сунгалтын дасгал хийлгэдэг байна. Энэ нь шийтгэл гэхээс илүүтэй биеийн өсөлтийг нь дэмжих сайн талтай юм. Гоц ухаантай хүүгээ сайн хүн болгохын тулд суурь хүмүүжлийг нь сайн тавих нь ээж болоод эмээгийнх нь чин хүсэл ажээ.
Б.Бат-Энэрэл маань дээрээ нэг эгчтэй. Түүний эгчийг Б.Номуунзул гэдэг. Б.Бат-Энэрэл нийслэлийн 70 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч билээ. Бат-Энэрэл хүү гудамжинд хог хаяхыг тэвчдэггүй гэнэ. Нэг удаа хамаатных нь хүүхэд газар цаас хаячихжээ. Гэтэл хүү хамрыг нь дарснаа амьсгалаад үз дээ гэж. Эгч нь “Болж байна” гэхэд нь амаа жимийгээд амьсгал гэж. “Болохгүй байна” гэжээ. Энэ үед “За тэр харав уу. Хөөрхий энэ өвс таны хаясан цааснаас болоод амьсгалж чадахгүй зовж байгаа. Тиймээс хогоо хамаагүй хаяж болохгүй. Байгаль дэлхийн бүхий л юмс амьтай. Бид хайрлах ёстой” хэмээн сануулсан нь томчуудыг ч бодолд автахад хүргэсэн байдаг.
БОЛНО ДОО, БОЛНО
“Могжоохон даагатай, Жогжоохон хүү” гэж хүүхдийн дуу бий. Тэр дуунд гардаг хүүгийн имиж Б.Бат-Энэрэлтэй яг адилхан. Түүний энэ имижийг “Кэндо”-гийн багш нь тодорхойлсон байна. Нийтлэлийн баатартайгаа ярих үед “Мэдэж байгаа. Болно доо, болно” гэж олонтаа хэлэх юм билээ. Энэ үг нь бас хүнийг тэрхэн үедээ тайвшруулмаар санагдах. Энэ нь ээжийнх нь нөлөө гэдгийг “эмээ” нь хэлэв. Ямар ч үед “Санаа зоволтгүй ээ, болно доо, болно” гээд цагаахан инээмсэглэх эмэгтэй энэ амьдралдаа үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн зүтгэж буй аж.
Хайр татам хөөрхөн хүүтэй уулзаад гарахдаа түүний эрүүл мэндэд, ирээдүйн амьдралд нь, уран бүтээлд нь элэг нэгтэй монголчууд бид сайн сайхныг хүсэн ерөөж чадлаараа тусалж дэмжих ёстой мэт санагдаж байлаа. Дууны сайхан эгшгээрээ ард түмнээ баярлуулж, өнө удаан аз жаргалаар бялхаж байгаарай Б.Бат-Энэрэлээ…