“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан байна. Тус чуулга уулзалт 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Чуулганд БНСУ-д сурч, ажиллаж, амьдардаг иргэдээс гадна Монгол, Хятад, Орос, Ирланд, Белги, Тайланд гэх мэтчилэн олон орноос ирсэн монголчууд, ТББ-уудын төлөөлөл оролцжээ.
Энэхүү чуулга уулзалтанд хүндэт зочноор БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б. Ганболд, УИХ гишүүн Д. Гантулга, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Б. Энхбилэг, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Анхжаргал болон гадны орны төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байна.
“Монгол орны хөгжилд” 13 дахь чуулга уулзалт Монгол болон Солонгос хэл дээр явагджээ. Энэхүү чуулга уулзалтын нэг онцлох зүйл бол Солонгос улсад сургуулиа төгсөн мэргэжлээрээ томоохон компаниудад ажиллаж буй залуучууд “Монгол хүн ба Монголын ирээдүй” сэдэв дор өөрсдийн туршлага болон, монгол орны ирээдүйн талаар тавьсан сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүд байсан ажээ.
Мөн бусад олон орны илтгэлүүд тавигдсанаас гадна Солонгосын цагаачлалын алба, БНСУ-н элчин сайдны яамнаас тавьсан илтгэлүүд иргэдийн анхаарлыг ихээр татсан байна. Монгол орныхоо хөгжилд залуус юу хийж болох, гадаадад байгаа тэдний оролцоо хэр байх, юун дээр анхаарах гэх мэтчилэн олон асуудлын талаар ярилцжээ. Уг чуулганд 200 зочид төлөөлөгчид оролцсон байна.