Эрүүл мэндийн яамнаас Томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II-р улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ –нд албан тоотоор хүргүүлсэн байна.
Энэ тухай ЭМЯ-наас “Энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэнд байна. Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүллээ” хэмээн мэдээллэв.
Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг eagle.mn сайтад сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна.
Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилүүдэд хоёр сараар сурагчдыг амрааж байсан. Өнгөрсөн жил л гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал” гэжээ.
Н.БАТАА