Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн балаг аймгийн хилээс давж орон даяар яригддаг болсон. Аймгийн Засаг дарга гэдэг бол угтаа нутгаа хөгжил рүү, иргэдээ сайн сайханд чиглүүлсэн сайны үлгэр болсон хүн байх учиртай. Гэвч Ц.Мөнхнасангийн нэр зодоон цохионоос эхлээд авлига хээл хахууль, улсын эд хөрөнгө үрэгдүүлж гэмтээсэн гээд гэмт үйлдлээс салахаа болиод удаж байна.
Засаг даргынхаа дэгдээсэн дуулиануудаас ичиж, эгдүүцсэн Архангайхан Ц.Мөнхнасанг “Аймгийн Засаг дарга уу, АТГ-ын сахиул уу” хэмээн ярилцах болжээ. Яагаад ийм хүн төрийн албанд удаан тогтогдож, Монголын нэг аймагт засаглаж, гэмт үйлдлээ баллуурдаж чаддаг юм бол?
Улс төрийн хамаарал талаас харвал Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг Т.Бадамжунай ХХАА-н сайд байхдаа тус яаманд эрх бүхий албан тушаалд томилон ажиллуулж байжээ. Энэ үедээ Ц.Мөнхнасан авилга, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхад нь Т.Бадамжунай нөлөөлж хэргийг нь замхруулсан байдаг мэдээллүүд ч тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байсан.
Хуучин баримтыг орхиод түүний холбогдсон, хэвлэлүүдээр гарсан болон шалгагдаж байгаа хэргүүдээс жагсаая. Эдгээр баримтыг аймгийн иргэд ЗГХЭГ-т илгээсэн байх юм.
Нэг: Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Цэцэрлэг хотын цэвэрлэх байгууламжийг барих ажлын хүрээнд 2018 онд хэрэгжүүлсэн ТА9100-MON, Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд ба бага хүчин чадалтай бие даасан цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхдээ Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир нар хувийн эзэмшил, болон хамаарал бүхий айлуудын хашаанд ариун цэврийн байгууламж олноор суурилуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө шамшигдуулсан асуудалд холбогджээ.
Хоёр: “Тэрхийн Ундраа” ХХК хэмээх хамаарал бүхий этгээдэд Архангай аймагт ноосны үйлдвэр барих тендерийг өгсөн бөгөөд газар дээр юу ч хийгдээгүй байхад 180 сая төгрөгийн гүйцэтгэл олгосон. Үүний оронд тус ажлыг гүйцэтгэгчээс 100 сая төгрөгийн хахууль авсан гэж хардагддаг байна. Архангай аймгийн ЗДТГ-н Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Дунлайгийн Гэлэг гэдэг хүнийг энэ асуудлыг гэрчилнэ гэж Архангайхан үздэг байна.
Гурав: Аймгийн төвийн 1-р багийн төвийн төрийн өмчийн газар дээр хамтран Олон нийтийн өмчит “Ар ус ундарга” “Тамирын Цахиур” ХХК-р хууль бусаар байр бариулсан байх юм. Ар ус ундарга ХХК-н захирал М.Батболдыг Засаг дарга хууль зөрчин томилж байсан аж.
Барилгын ажил нэг жилийн өмнө эхэлсэн байхад Ц.Мөнхнасан “1-р багийн төв, өрхийн эмнэлэг” гэж тендер зарлан улсын төсвөөс ахиад 200 сая төгрөг гарган мөн л орон нутгийн өмчит “Ар ус ундарга” ХХК, зам засвар ашигладаг “АЗЗА” ХХК, Эрдэнэбулган сумын ЗДТГ-н Хот Тохижилтын автомашин техникууд, хүн хүчийг ашиглан үнэ төлбөргүй бариулсан талаар Архангайхан мэдээлж байна.
Тус газар дээр байсан, 2005 онд ашиглалтанд орсон хуучин багийн төвийн барилгыг 2 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд мөнгө нь орж ирээгүй байхад 2018 оны 10 сарын 25-нд аль хэдийн нурааж устгасан байх юм.
Дөрөв: Архангай аймгийн Цэцэрлэг хотод баригдаж байгаа худалдааны төвийн барилгын төсөвт 3,25 тэрбум төгрөг төсвийн хөрөнгөөс зарцуулжээ. Гэтэл ижил төстэй ийм хувийн байгууламжийн өртөг 1,2 тэрбум байхад 3,25 тэрбум төгрөг зарцуулж төсвийн хөрөнгийг хэт ихээр шамшигдуулсан талаар мэдээллүүд хэвлэлээр гарч байв.
Тав: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайтай хувийн харилцаа тогтоож 2 ухаалаг худаг бариулан мөнгийг нь төрийн өмчит ХХК-с гаргуулахаар оролдсон бөгөөд энэ гэмт хэргийг АТГ шалгаж байна.
Зургаа: Архангай аймагт зохион байгууллагддаг Цэргийн албан хаагчдыг цэргийн комисст шалгаруулах үйл ажиллагааны зардлын 20,000,000 сая төгрөгийг хувьдаа завшсан талаар ч мэдээлэл гарсан байгаа. Энэ хөрөнгийг авахын тулд аймгийн Цэргийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Буянтогтохын гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Энэ гарын үсгийг хуурамчаар зурсныг Архангай аймгийн ЗДТГ-н Төрийн сангийн мэргэжилтэн Батцэцэг гэрчилдэг байна.
Долоо: Архангай аймагт олон албан хаагчдыг хуульзүйн үндэслэлгүй ажлаас халжээ. Хууль бусаар ажлаас халсан асуудал нь шүүхээр тогтоогдсон бөгөөд тэдний нөхөн олговорт 2019 тоны 09 сарын байдлаар 113 сая төгрөгийг нөхөн олгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийжээ.
Ес: Хан-Уул дүүргийн иргэн Батсүхийн гэрт дайран орж согтуугаар хурц үзүүртэй гутлаар зодож гэмтээн хөлний савх ясыг нь хугалан хүнд гэмтээсэн хэрэг нэг хэсэг дуулиан тарьсан. Ц.Мөнхнасан хэргийн газраас зугтасан бөгөөд өөрөө бэртсэн хэмээн аймгийнхаа шүүхийн шинжилгээний газраар дүгнэлт гаргуулжээ. Гэвч үүнийг Улаанбаатарт дахин шинжилсэн Шүүхийн шинжилгээний газар хуурамч гэдгийг тогтоосон байдаг. Одоо энэ хэрэг шүүхийн шатанд яваа ч харилцан зодолдсон гэдэг хэлбэр лүү эргэлтгүй орж яваа сурагтай.
Арав: Засаг дарга өөрийн хэрэгцээндээ ашигладаг ланд крузер машиныг Таванбогд ХХК-с Сокол ХХК-руу мөнгө шилжүүлж авсан бөгөөд үнийн дүн нь ихээхэн зөрүүтэй байгааг баримтууд баталдаг байна.
Арваннэг: Согтуугаар автоамшин жолоодсон Ц.Мөнхнасан айлын хашаа дайрч эвдэлчихээд хохирлын зардлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын хяналтын зардлаас засуулсан ноцтой зөрчил гаргаж байсан юм.
Т.ЭРДЭНЭ
2 comments
Ж.Мөнхбатын тавиул
Ёстой нэг есөн шид нь бүрдсэн хүн шивдээ,Архангайхан бол үүнийг яавч сонгохгүй,өнөөх л эрх баригч улс төрийн намын бодлого хэрэгжиж бахйгаа нь энэ биздээ,НАМЫН ДАРГА НЬ ЛООЗОГНООД Л байдаг занаад л байдаг байдгүйээ?