Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Аюултай 170 цахилгаан шатыг ашигласаар байх уу…! – updown.mn

Аюултай 170 цахилгаан шатыг ашигласаар байх уу…!

Манай улсад цахилгаан шаттай холбоотой норм, стандарт хангалттай бий аж. Тухайлбал, цахилгаан шат угсрах, засаж, шинэчлэх ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм, аюулгүй ашиглах дүрэм, олон улсын болон дотоодын стандарт гэх ижил утгатай ч өөр нэр бүхий дүрэм олон байна. Харин цахилгаан шатны ашиглалтын хугацаа дуусаж, осол гарах эрсдэл үүссэн, эсэхэд анхаардаг болов уу. Манай улсад 6298 цахилгаан шат бүртгэлтэйгээс 5500 орчим нь нийслэлд бий. Нэг нь ойролцоогоор 25-30 жилийн настай гэнэ.

Нийслэлд 1990 оноос өмнө барьсан барилга, орон сууцуудын 800 гаруй цахилгаан шатны ашиглалтын хугацаа дууссан учир төсвийн хөрөнгөөр шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцын байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэргийг засах үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байна. Үүний дагуу ашиглалтын хугацаа нь дууссан цахилгаан шатуудыг шинэчлэх ажлыг “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2012 оноос хийж буй.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас энэ жил 250 цахилгаан шатны ашиглалтын хугацаа дууссан буюу насжилт гүйцсэн гэх дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 800 орчим цахилгаан шатыг шат дараатай шинэчилсээр өдгөө 250 үлдэж. 2019 онд 29-ийг нь шинэчлэхээр хоёр тэрбум 225 сая төгрөгийг улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангаас төсөвлөжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү энэ талаар “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, 220 цахилгаан шатыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарган, холбогдох СӨХ, нийслэлийн Засаг дарга, Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Гэсэн ч өдий хүртэл ашиглаж л байна.

Тэдгээр цахилгаан шатанд байнга засвар, үйлчилгээ хийх үүрэг өгсөн. Зогсоочихвол оршин суугчдад хүндрэлтэй учир ашиглахаас өөр аргагүй. Шинэчилж буй 29 шатны дөрвийг нь угсарч, шалгуулах хүсэлтээ гүйцэтгэгч компанийнхан манай байгууллагад өгсөн. Зөрчил, дутагдалтай, оршин суугчдад эрсдэлтэй учир манай байгууллагаас улсын бүртгэлд бүртгэж, ашиглах зөвшөөрөл одоохондоо олгоогүй. Үлдсэн 26-г нь угсарч байгаа. Жил ирэх тусам ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатны тоо нэмэгддэг. Тухайлбал, 1995 оноос өмнө угсарсан цахилгаан шатнуудын ашиглалтын хугацаа ирэх жил дуусах юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтаар жилд хоёр байцаагч 30 объектод хяналт тавьдаг. Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдийн өргөдөл, гомдлын дагуу явуулдаг. Нийслэл дэх 5500 цахилгаан шатыг нэгбүрчлэн шалгах боломжгүй.

Гэхдээ аюулгүй ашиглах дүрмийн дагуу СӨХ, иргэд, аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа манай байгууллагын дэргэдэх лаборатори, эсвэл гэрээт байгууллагад магадлал хийлгэж болно” хэмээв. Барилга, орон сууцын цахилгаан шатыг анх нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас магадлаж, тусгай дугаараар улсад бүртгүүлдэг. Магадлал гэдэг нь элэгдэл, гэмтэл, эдэлгээний хугацаа, засварлах шаардлагатай, ашиглаж болох, эсэхийг тогтоохыг хэлдэг байна. Ямартай ч насжилт гүйцээгүй ч жилд нэг удаа магадлал хийлгэж, эрсдэлийг нь тодорхойлдог аж. Ашиглалтын хугацаа нь дуусаагүй ч байгууллага, иргэд ашиглаж буй цахилгаан шатандаа заавал магадлал хийлгэх ёстой гэнэ. Цахилгаан шат нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар дундын өмчлөлд хамаардаг.

Оршин суугчдын төлөөлөл болох СӨХ үүнд хэрхэн анхаардаг талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл (МСӨХДЗ)-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодруулав. Тэрбээр “МСӨХДЗ болон МХЕГ-аас ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатыг зогсоох шаардлагыг холбогдох СӨХ-нд хүргүүлдэг. Гэвч оршин суугчдын хүсэлтээр цахилгаан шатыг ажиллуулахаас өөр аргагүй болдог. Оршин суугчид цахилгаан шат ажиллахгүй бол СӨХ-ны төлбөрөө төлдөггүй. СӨХ нь мэргэжлийн байгууллага биш. Тиймээс цахилгаан шатны мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, засвар, үйлчилгээ хийлгэдэг. Орон сууц бүр цахилгаан шатны хэвийн үйл ажиллагааг хянаж, эвдэрвэл мэргэжлийн байгууллага дуудах үүрэгтэй инженертэй байх ёстой.

Энэ онд улсын төсөв танагдаж, хамгийн эрсдэлтэй гэж дүгнэсэн I, III, IV хорооллын орон сууцын 29 цахилгаан шатыг шинэчлэх болсон. Ирэх онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай хамтран Беларусь улсын хөрөнгө оруулалтаар ашиглалтын хугацаа дууссан 150 цахилгаан шатыг шинэчлэхээр төлөвлөсөн. Холбогдох хуулийн дагуу орон сууцыг Улсын комисс хүлээж авч, иргэд орсон бол өөрсдийн төлөөллөөс СӨХ байгуулах ёстой. Түүнчлэн анхан шатны нэгж хорооны Засаг дарга харьяа орон сууцын оршин суугчидтай хэлэлцэж, СӨХ байгуулах үүрэгтэй. Сүүлийн үед хууль бус СӨХ олширлоо. Барилга барьсан компанид чанаргүй, эсвэл дутуу ажлаа гүйцээх зорилгоор гурван жилийн хугацаа олгодог. Гэтэл энэ хугацаанд тухайн компани дур мэдэн СӨХ байгуулдаг” гэв.

Уг нь СӨХ мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, орон сууцын засвар, үйлчилгээг хийлгэх учиртай. Гэвч цахилгаан шат шинэчлэх өртөг өндөр тул улсын хөрөнгийг хүлээж суудаг аж.

Өнгөрсөн онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайловичтой уулзах үед манай улсад цахилгаан шатны үйлдвэр барих тухай хэлэлцсэн. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ оны есдүгээр сарын 12-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-аар соёрхон батлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцын цахилгаан шат, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж, эхний ээлжид нийтийн орон сууцын 150 цахилгаан шатыг шинэчлэх, засвар, үйлчилгээний төв байгуулах аж. Ямартай ч зээл авч, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатнуудаа шинэчлэх болж. “Улаанбаатар лифт” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий инженер Н.Мөнхбаяр “Жил бүр хэчнээн орон сууцын цахилгаан шатыг шинэчлэх шаардлагатай, хэдийг нь засах боломжтой талаарх судалгааг нийслэлийн ЗДТГ-т хүргүүлсний дагуу боломжит төсөв хуваарилдаг. Аль болох их хөрөнгө төсөвлөвөл Улаанбаатар хотын эрсдэлтэй цахилгаан шат солих ажил хурдасна. Энэ жилийн хувьд ашиглалтын хугацаа дууссан 170 гаруй цахилгаан шат бий. Үүн дээр саяхан угсарсан атал сэлбэг олдохгүй, тоноглол дутуу зэрэг асуудалтай цахилгаан шатны тоо нэмэгдэж 250-д хүрсэн.

МХЕГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу манайх орон сууц, барилгын цахилгаан шатанд магадлалын акт үйлдэж, тухайн орон сууцын СӨХ-нд хүргүүлдэг. Хэрэв осол гарах эрсдэлтэй бол МХЕГ-аас тухайн цахилгаан шатыг дахин шалгаж, ашиглахыг хориглодог. Ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэйг нь засвар, үйлчилгээний байгууллагынхан байнга хянаж, осол гарвал гэрээт засварын компани хариуцна. Манайх хуучин орон сууцын цахилгаан шатны эрсдэлийг тодорхойлж, хурд, даац, өндөр, өргөн, хүчин чадлын хэмжээ зэргийг нээлттэй зарласны дагуу боломжит үнийн санал, техникийн тодорхойлолтыг хангасан компанийг тендерт шалгаруулж, шинэчлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ онд “Төвхөн трейд”, “Оакс экспресс” компани тендерт шалгарч, өдгөө ажлаа гүйцэтгэж буй. Улсаас 700 саяар ес, нийслэлээс нэг тэрбум 125 саяар 15, орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгөөр тав, нийтдээ 29 цахилгаан шатыг шинэчилж байна” хэмээв. СӨХ-д МСӨХДЗ-д элсэж, асуудлаа хамтран шийдвэрлэх хэрэгтэй гэнэ. Тухайн СӨХ-ны дарга хариуцлагатай байж, мэргэжлийн компанитай гэрээ байгуулж, төсвөө зөв зарцуулах ёстой. СӨХ идэвхгүй, хариуцлагагүй, бүртгэлгүй, иргэд нь хяналт тавьж чадахгүй байгааг Н.Мөнхбаяр инженер онцлов.

Оршин суугчид нь хэнэггүй, СӨХ нь улсын төсөв харж, улс нь гадаадаас зээл хүлээж сууна. Ашиглалтын хугацаа дууссан цахилгаан шатнууд байнгын хяналтад засвар, үйлчилгээ хариуцсан байгууллагатай байна. Хэрэв осол гарвал СӨХ-ны дарга, гэрээт компани хариуцлага хүлээх аж. Гэвч эцэст нь иргэд хохирох нь.

Б.Уянга

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн