Дэлхийн газрын тосны эрэлт 2025 он гэхэд өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 хувиар өсөж, хоногт 103.5 сая торхонд хүрэх төлөвтэй байгаа тухай Олон улсын эрчим хүчний агентлагаас (ОУЭХА, IEA) жил бүр гаргадаг Дэлхийн эрчим хүчний төлөв байдлын тухай урьдчилсан тайланд онцолжээ.
Өнгөрсөн жилийн урьдчилсан таамгаар 2025 он гэхэд эрэлт нь хоногт 102.4 сая торх болж нэмэгдэхээр байв. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, 2040 онд нефтийн эрэлт 9.8 хувиар өсөж, хоногт 106.4 сая торх болох төлөвтэй байгаа аж.
Хөгжиж буй орнуудын нефтийн эрэлтийн жилийн өсөлт хоногт 900 мянган торх болох төлөвтэй байна. ОХУ-д нефтийн эрэлт 2025 онд гэхэд одоогийнхоос 0.2 саяар өсөж 3.4 сая торх болж нэмэгдэх бол 2035 оноос хоногт 3.3 сая торх болж буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид таамаглав. Харин АНУ-д нефтийн эрэлт багасах төлөвтэй байна.
Тус улсад 2025 он гэхэд нефтийн эрэлт хоногт 18.4 сая торх болж багасах бол 2030 онд 17.4 сая торхонд хүрч, 2040 он гэхэд хоногт 15.1 сая торх болж буурахаар байгаа аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаар дэлхийн хэмжээнд 2008 онд хоногт 84.7 сая баррель газрын тос хэрэглэж байжээ.
Газрын тосны эрэлтийн 90 гаруй хувийг хөгжиж буй орнууд эзэлж байгаа бөгөөд Хятад, Энэтхэг Улсад дангаар нийт өсөлтийн 50 орчим хувь ногдож байгаа юм.
Түүхий нефтийн хэрэглээний хурдацтай өсөлт үнийн хөөрөгдөл үүсгэх нь гарцаагүй. Үнэ өссөнөөр газрын тосны хувьд гаднын зах зээлээс хараат импортлогч орнуудын эдийн засагт дарамт учрах өндөр магадлалтай. Газрын тосны эрэлт нэмэгдэхээр байгаатай холбоотойгоор брент маркийн газрын тосны ирэх арванхоёрдугаар сарын фьючерсийн үнэлгээ 2.36 хувиар өсөж, нэг торх нь 60.43 ам.доллар болоод байна.
Харин “WTI” маркийн газрын тосны үнэ 2.05 хувиар өссөнөөр нэг торх нь 54.64 ам.доллар болжээ. Одоогоор дэлхийн хэмжээнд нийт 70 мянга гаруй газрын тосны цооногт олборлолт явуулж байгаа ч эдгээрээс хамгийн том 20 цооногоос өдөрт дунджаар 19.2 сая баррель тос гарган авч байна.
Олборлолт хийж буй цооногоос ОХУ-ыг оролцуулаад ердөө 25 хувь нь ОПЕК-ийн бус орнуудад харьяалагдаж байгаа бөгөөд үлдсэн 75 хувь нь ОПЕК-ийн гишүүн орнуудын газар нутагт байрлаж байна. Манай улс нефтийн бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд ОХУ-аас 89.3, БНХАУ-аас 2.5, БНСУ-аас хоёр, Малайзаас 1.8, Японоос 1.6, Сингапураас 1.5 хувийг авдаг.
Тиймээс газрын тосны ханш ямар байх нь манай улсад ихээхэн хамаатай. Нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ханш нэг хувиар өсөхөд манай улсын ДНБ 0.1 хувиар буурч байдаг гэсэн судалгаа бий.
2006-2008 онд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 62.75 ам.доллароос 94.45 болж өсөхөд улсын хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний зардал нэмэгдэж, дотоодын нийлүүлэлтийг бууруулснаас дотоодын зах зээл дэх бараа үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагдаж, инфляцын өсөлтийг хурдасгасан байна.
Нефтийн үнийн өсөлтөес шалтгаалан дотоодод үйлдвэрлэж, борлуулдаг бүхий л төрлийн бараа үйлчилгээний үнэ өсөх хандлагатай байдаг бөгөөд 2005 онд 9.5 хувь байсан инфляцын түвшин 2008 онд 24.2 хувь хүртэл өссөн гэсэн судалгаа байдаг.
ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ИРЭХ ОНД
ОХУ-ын Эдийн засгийн яам
-ОПЕК-ийн гишүүн орнуудын уулзалтын дараа ОХУ-ын эдийн засгийн яам Уралын газрын тосны ханшаа ирэх онд хамгийн багадаа баррель тутамдаа 50 ам.доллар байхаар ирэх оны төсөвтөө тусгажээ. Тус улс өмнө нь Уралын газрын тосны ханшийг баррель тутамд нь 43 ам.доллар байна гэж таамаглаад байсан юм.
АНУ-ЫН “U.S. ENERGY INFORMATION ADMINISTRATION”
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба Хойд тэнгисээс олборлодог брент маркийн газрын тосны үнээ ирэх онд баррель тутамдаа 63 ам.доллар байхаар таамаглажээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улс брент маркийн газрын тосны ханшийг ирэх онд 57 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба газрын тосны үнийн таамгаа өсгөсөнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын сүүлчээр тус улсын шатахууны ханш галлон тутамдаа зургаан центээр нэмэгдэж, 2.56 ам.доллар болжээ.
“GOLDMAN SACHS”
“Goldman Sachs’’-ийн шинжээчид ирэх онд брент маркийн газрын тосны ханшийг 62 ам.доллароос буурахгүй гэж таамаглажээ. “Goldman Sachs’’-ийн тайлан мэдээнд дурдсанаар ОПЕК-ийн гишүүн орнууд үйлдвэрлэлээ бууруулах тохиролцоогоо цаашид ч баримтлах тул газрын тосны ханш ирэх жилд харьцангуй өндөр байх аж.
Ц.ДАВААСАМБУУ “ҮНДЭСНИЙ ШУУДАН”