Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт БНСУ-ын Инчеон хотын прокурорын байгууллага долоон сая вонын торгох шийтгэл ногдуулсныг прокурор Ян Кун Су нийтэд мэдэгдлээ. Мөн түүнд тавьсан хилийн хоригийг өнөөдрөөс цуцласан байна.
Д.Одбаяр нь, аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд Корэйн эйр компанийн онгоцоор зорчихдоо үйлчлэгч бүсгүйн өгзөгөнд хүрсэн, дарамталсан гэх асуудалд холбогдсон юм. Инчеон хотын цагдаагийнхан түүний зорчиж явсан онгоцыг тосч Д.Одбаярыг саатуулахад болсон явдлыг үгүйсгээд, Индонез улс руу Олон улсын цэцийн гишүүдийн хуралд эх орноо төлөөлөн явж байгаагаа учирлаж, эргэж ирээд тайлбар мэдүүлгээ өгье гээд явжээ. Түүнийг дипломат эрх ямбатай учраас сулласан гэх Инчеоны цагдаагийн албан хаагчид хариуцлага хүлээсэн юм.
Цэцийн дарга Д.Одбаяр хурлаа дуусгаад энэ сарын 6-нд БНСУ-д буцаж ирэхэд нь цагдаагийнхан баривчилж, 14 цагийн турш байцаалт авсан. Тэрээр эхний мэдүүлгээсээ буцаж, согтуурах ундаа хэрэглэсэн байсан тул юу болсныг санахгүй байна гэжээ.
Харин өнөөдөр Инчеоны прокурорын газрын Гадаад харилцааны асуудал хариуцсан прокурор Ян Кун Су Д.Одбаярыг яллах дүгнэлтэд тусгасан үйлдлүүдийн дийлэнхийг хүлээсэн хэмээн мэдэгдэв.
Д.Одбаяртай хамт онгоцонд зорчиж явахдаа мөн л хууль зөрчсөн гэгдэх О.Батчулуун Сингапур яваад эргэж ирээгүй. Түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас Интерполд өгөөд байгаа юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар Д.Одбаярыг дээрх үйл явдалд буруугүй, тийм зүйл болоогүй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: inews.mn