Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэдхэн хоногийн өмнө хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ямар нэгэн байдлаар олны анхааралд орох гэсэн горилогч олон бий. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай. МАХН-аас иргэдэд үнэгүй байр өгнө гээд байгаа. Энэ нь ч бас хууль бус. Сонгуулийн хуулиар үүнийг хориглосон. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй” хэмээн онцолсон. Түүний ийн хэлсэн нь ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Б.Баярмагнайгийн “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Одоо бид тэмцлээ шууд эхэлнэ” гэсэн тайлбартай, цэргийн дүрэмт хувцастай зураг нийгмийн сүлжээнд тарсантай холбоотой хэрэг. Түүний зөв. Ирэх жилийн зургадугаар сард ээлжит сонгуулийн санал хураалт болох хүртэл их ч юм үзэхээр байна, бид.

Ердөө өчигдөр гэхэд л Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намын Төв зөвлөл Төрийн ордонд хуралдаж, дарга Ж.Батзандан баахан үл бүтэх зүйл ярилаа. Гурваас дээш хүүхэдтэй айл, өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, нэг хүүхэдтэй, эсвэл хоёулаа хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулах юм гэнэ. Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, багш, эмч нарын цалинг хоёр сая төгрөгт, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээ тунхаглав. Цаашлаад гэр хороолол, хөдөө, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгж, иргэдийг ашгийн болон НӨАТ-аас бүрэн чөлөөлж, ЖДҮХС-гийн хөрөнгийг 500 тэрбум төгрөгт хүргэхээ мэдэгдлээ.

Мөн 18-аас доош насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудын эх орондоо авч буй эрүүл мэндийн бүх үйлчилгээг (эрхтэн шилжүүлэн суулгах, протез гээд бүгд) үнэ төлбөргүй болгох юм байх. Хэлсэн, амласан болгоныг нь энд дурдсангүй. Ингээд тэрбээр “Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад хангалттай нөөц, бололцоо, баялаг байна. Нэг даргын оффшор данснаас 70 сая ам.доллар гарч байна. Нэг хурган даргын оймсноос 250 сая төгрөг гарч ирсэн. Жил бүр улсын төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталж байна. Бид төсөв, санхүүгийн зөв бодлого явуулж, алдагдсан баялгаа эргэн авчирч, орд газруудаа эдийн засгийн зөв эргэлтэд оруулах юм бол эдгээр бодлогыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” хэмээхэд нижигнэсэн алга ташилт түүнийг үдсэн.

Ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт нэг хэсэгтээ моодноос гарахгүй. Моодонд ороод ч овоо олон жил болж байна. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно гэж сонгуулийн өмнөхөн амлачихаад түүнийгээ биелүүлж байгаа дүр эсгэн, цөөн хэдэн хүнд хамаарах зээлийг хүүг хөнгөлсөн тохиолдол ч бий. Тэгж яривал МАХН иргэдийг орон сууцжуулах хүүгүй, урьдчилгаагүй зээлд хамруулах хөтөлбөр боловсруулаад буй. Тэдний санаачилсан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийг хүүгүй зээлд хамруулж, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд оруулах юм гэсэн. Улмаар санаачилгыг нь дэмжиж, 10 мянга орчим иргэн орон сууцтай болохоор МАХН-д бүртгүүлээд байгаа юм билээ.

Тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян “Ипотекийн зээлийн эх үүсвэрийг улсын төсвөөс тусдаа буй мөнгөний бодлого буюу Төвбанкны хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг төсөвтэй хольж, хутгахгүй. Монголбанкнаас анх хэрэгжүүлж эхэлсэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг илүү төгөлдөржүүлж ажиллах боломжтой гэж үзэж байна” хэмээн тайлбарласан байна лээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр сонгуульд оролцуулж болохгүй нам нь МАХН. Шалтгаан нь энэ.

МАХН-ын сонсоход гоё амлалтууд үүгээр дуусахгүй. Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс (БНМУ) гэж нэрлэхээр тусгасан шинэ Үндсэн хуулийн төсөл гээчийг МАХН-аас санаачлан боловсруулж, орон даяар хэлэлцүүлээд хэдийн гурван жил болох гэж байна. Бараг өнгөрсөн сонгуулийн дараачаас л үүнийг ярьж эхэлсэн гэхэд болно. Ингэхдээ их, дээд боловсролыг үнэгүй олгоно, хөгжлийн бэрхшээлтэй болон 20-иос дээш жил хамт амьдарсан гэр бүлийг орон сууцаар хангана гэх зэргээр эрс өөрчлөх хүсэл агуулсан, гоё гоё амлалттай төслөө “Монгол хүн бүрт хамаатай” хэмээн тунхаглаж яваа. Үүнийг нь ИЗНН, МҮАН, МНН дэмжиж буйг удирдлагууд нь сүр дуулиантайгаар мэдэгдчихсэн. Энэ үүднээс харвал тэдний үл бүтэх эдгээр амлалт иргэдийг ипотекийн хүүгүй, урьдчилгаагүй зээлд хамруулна гэх яриагаар өндөрлөж байвал монголчуудын зол ч юм шиг. Сонсоход сайхан ч манай нөхцөлд ойрын жилүүдэд хэрэгжих боломжгүй олон амлалтад хууртаж, төөрөхгүй гэж бодож буй хэрэг.

Цаашлаад цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай яриа мөнхийнх. Сонгуулийн өмнө илүү тодордог. Ингэхдээ эмч, багш нарын цалинг хөндөхгүй байна гэж үгүй. ХҮН-ынхан лав багш, эмч нарын дундаж цалинг хоёр сая төгрөгт хүргэнэ гээд хэдийн амлачихсан. Ийм боломж улсын төсөвт байгааг тус намынхан судалгаагаар нотолж, арга замыг нь тодорхойлчихсон гэсэн. Хөнгөлнө, чөлөөлнө, үнэгүй өгнө гэсэн толгой эргэм олон амлалтын дэргэд ганц үүндээ тогтож байвал бас ч гэж яах вэ. Ер нь дөрвөн жилийн өмнөхийг төгрөгийн ханш, инфляц зэрэгтэй уялдуулаад бодвол цалин, тэтгэврийн дундаж “үнэлгээ” хоёр сая төгрөг болж буй бололтой.

Гэвч сонгогч биднийг гайхашруулах зүйлс дөнгөж л эхэлж байна. Энэ байтугай зүйлс амлаж, ухаан алдтал тань “сюрприз” барьж мэднэ. Учир нь одоогоор сонгуулийн жил ч гараагүй, сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байна. Тэр үед АН, МАН-аас авхуулаад шил дараалан чихэн дээр цэцэг ургуулах болно. “Эрдэнийн хувь” гэж иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх АН-ын амлалтын араас өнөөгийн МАН-ынхан “Эх орны хишиг” болгон 1.5 сая төгрөг өгнө гэж амласныг мартаагүй биз дээ. Эдгээр бэлэн мөнгөний амлалтаас болж манай эдийн засаг хэрхэн сөхөрч, хойшид бидэнд ирэх байсан олон боломжийг үгүй хийж, хулгайлсныг хэлэх нь илүүц байж ч мэднэ.

Тиймээс гоё, сайхан амлалтаар бялууруулах тэр л үед гагцхүү балмагдаж, барьц алдаж болохгүй, сонгогчид оо. Дорд үзэж, доромжилж байгаа мэт энэ мэт зүйлсийг хээв нэг яриад байгаа учраас зориуд анхааруулж байгаа юм, монголчууд аа. Угтаа хэвлэл мэдээллийнхэн бид тэдний эдгээр үл бүтэх зүйл ярьж, элий балай мэт аашилж байгааг нь дамжуулан, сурталчилж буй мэт түгээх ёсгүй. Нөгөө талаас, төрийн аудитын байгууллага намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр бодитой хэрэгжих үндэслэл бий, эсэхийг үнэлдэг ч учир дутагталтай зүйлс бас байгаа. Үүний талаар улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Бид намуудын мөрийн хөтөлбөрийн талаар дүгнэлт гаргадаг. Гэтэл сонгуульд ялж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлсэн нам нь буцаагаад биелэлтийнхээ тайланг манайд ирүүлдэггүй. Энэ бол хууль, эрх зүйн орчин хангалттай сайн биш байна гэсэн үг. Уг нь мөрийн хөтөлбөр нь улс орны хөгжлийн бодлоготой уялдаж, бид хэрэгжилтийг нь хянах учиртай. Цаашлаад мөрийн хөтөлбөрийн биелэлтээ жил бүр ард түмэнд танилцуулан, аль болох нээлттэй мэдээлж, хэрэгжихгүй байгаа хэсгийнх нь учир шалтгаанд дүн шинжилгээ хийгээд явбал хөгжлийн бодлогод илүү үр нөлөөтэй” хэмээн ярьсныг энд тэмдэглэе.

Иймд анхааруулах л учиртай. Үл бүтэх амлалт өгдөг Ж.Батзандан нарын улстөрчдөөс болгоомжил.

 Эх сурвалж: unuudur.mn
 

By updown

One thought on “Ж.Батзандан нараас болгоомжил”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн