Өчигдөр Шанхай хотод Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Хонгконгийн захирагч Кэрри Ламыг хүлээн авч уулзжээ. Шанхайд Хятадын Олон Улсын Импорт Экспортын үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцсон Ши Жиньпин Хонконгийн захирагчтай үймээн, жагсаал цуглаанаас хойш анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм.
Уулзалтын үеэр Ши Жиньпин захирагчийн бодлого, үйл ажиллагаанд “бүрэн итгэлтэй” байгаагаа хэлээд үймээн самууныг зогсоож, дэг журам тогтоохын төлөө хүнд нөхцөлд ажиллаж байгаа Кэрри Ламын зүтгэлийг сайшаасан байна.
“Төв засгийн газар танд бүрэн итгэж, Хонг Конгийн засаг захиргааны хэрэгжүүлж байгаа ажлыг бүрэн дэмжиж байна. Эмх замбараагүй байдлыг эцэслэж, хүчирхийллийг таслан зогсоох нь Хонг Конгийн хувьд нэн тэргүүний зорилт юм” гэж Ши Жиньпин хэлснийг төрийн мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Өмнө нь олж авсан мэдээллээр Кэрри Лам маргааш буюу Лхагва гарагт Хятадын засгийн газрын шадар сайд Хан Жэнтэй уулзахааар Бээжинд яаралтай дуудагдсан байна. Энэ үеэр Хонг Конгийн талаар төв засгийн газраас баримтлах бодлогод өөрчлөлт гарч магадгүйг эх сурвалжууд мэдээлжээ.