Боов идсэнд нь биш бодлого ярьсанд нь анхааръя гэсэн үг бий. Шүүмжлэл, улстөржилтөөр дүүрсэн утааны сэдвээр шаагилдах зуурт нэгэн чухал мэдээг анзаарахгүй өнгөрчихжээ бид. Газрын тосны бүтээн байгуулалтаас томоохон хэмнэлт хийсэн таатай мэдээг хэвлэлийн хуудаснаас ч олж харсангүй.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих, түүхий тосыг дотооддоо боловсруулах нь бидний мөрөөдөл” хэмээх Ерөнхий сайдын үгээр тууз хайчилж, үйлдвэрийн шаваа тавьж байсан нь ердөө өнгөрсөн оны 6 дугаар сард. Харин өнөөдөр нефтийн үйлдвэрийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 100 тоннын даацтай 17.2 км авто зам, эрчим хүчний 110 кВт-ын агаарын дамжуулах шугам ашиглалтад орлоо. Ердөө ганцхан жилийн дотор Монголчууд өөрсдийнхөө хүчээр боловсруулах үйлдвэрийн ажилд шаардлагатай дэд бүтцийг барьж, цахилгаан, усан хангамжаа шийдсэн нь энэ.
Бүтээн байгуулалтад цэргийн анги нэгтгэлүүдийн алба хаагчдыг оролцуулж эхлүүлсэн нь цаг хожсоноос гадна бүтэн 4 тэрбумыг хэмнэжээ. Элдэв будилаан хутгаж тендер зарлахгүйгээр, хэн нэг албан тушаалтанд авлига, хувь өгөхгүйгээр том хэмнэлт хийж болдог гэдгийг басхүү чанартай бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ монголчууд харуулж чадлаа. Харин хэмнэсэн 4 тэрбум төгрөг үйлдвэрийн ажилтан, албан хаагчдад зориулсан 550 айлын орон сууцны хотхон болж удахгүй сүндэрлэхээр болов.
“Чи хэмнэвэл, би хэрэглэнэ”. Энэ бол хамтын зарчим. Санхүүгийн сахилга баттай ажиллахаар амласан Хүрэлсүхийн Засгийн газар ийнхүү хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх давалгааг бодитоор харуулчихлаа.
Хүрэлсүхийн Засгийн газар бас нэгэн шинэ жишгийг тогтоов. Төсвийн ерөнхий дүр зураг сайжирч, төсөвт тодотгол хийхээ болив.
Төсвийг байнга тодотгодог буруу жишиг 2004 оноос хойш явж ирсэн. Дуусдаггүй зам, барилга, төслийн ард хэн нэг албан тушаалтны эрх ашиг нуугдаж, төсвийн тодотголоор тэдний халаасыг эрхлүүлдэг байсан нь нууц биш.
Тухайлбал, 2013 онд эдийн засгийн шинэтгэл гээд 50 тэрбум тавьчихсан мөртөө юу хийх тухай асуухаар “яахав тэгээд л байж байг л дээ” гэх… Эсвэл “Булган аймгийн Булган суманд эрчим хүч татна” … “Булган аймгийн төвийг эрчим хүчинд холбоно” гэх мэтээр 2 өөр томъёоллоор давхар төсөв оруулаад батлуулчихдаг. Ийм л хулгайн тогтолцоо байдаг байсан юм.
Харин одоо энэ бүгд зогслоо. Үүнийг л Шинэ жишиг, Санхүүгийн сахилга бат гэж хэлнэ. Цаашид энэ жишгээр ажиллаад байвал эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд тогтмолжиж, төрийн бодлого түмэнд хайрлагддаг болох биз ээ