Нийслэлд 2026 онд бүртгэгдсэн гэмт хэрэгт залилах гэмт хэрэг их эзэлж байна

2026-11-24 19:00
20261124-190041-file.jpeg
2026 онд нийслэлд бүртгэгдсэн 31 мянган гэмт хэргийн 40 хувь нь залилах төрлийн гэмт хэрэг байжээ. Илрүүлсэн гэмт хэргийн тоо 10 хувиар өссөн бөгөөд гомдлын нийт тоо өмнөх жилээс 10 хувиар буурсан байна.

Нийслэлд 2026 онд 31 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 40 орчим хувь нь, буюу 12 мянга гаруй нь залилах төрлийн гэмт хэрэг байв. Илрүүлсэн гэмт хэргийн тоо өмнөх оноос 10 хувиар өссөн байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газар хамтран “Олон нийтийн цагдаа”, “Хүүхэд хамгаалагч цагдаа”, “Оюутан цагдаа” ба “Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүл” зэрэг иргэдийг оролцуулсан төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 4300 орчим зөрчил илрүүлэн таслан зогсоосон байна.

Нийслэлд өнөөдрийн байдлаар 80 мянга орчим хамгаалалтын камер ажиллаж байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга О.Нямдаваа 2026 оны эцсийн тайлангийн хурлын үеэр танилцууллаа.

Мөн Тээврийн прокурорын газар, НГХУСАЗСЗ-тай хамтран “Хотын соёл” болон “Замын хөдөлгөөний соёл” зэрэг нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тээврийн цагдаагийн алба “Замын хөдөлгөөний соёл” аяны хүрээнд 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 141 мянган зөрчил илрүүлжээ.

Энэ онд бүртгэгдсэн гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг 33 хувиар, залилангийн мэдээлэл 16.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 53 хувиар, дээрэмдэх хэрэг 6.7 хувиар буурсан байна.