Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв: арванхоёрдугаар сараас эхлэн хүйтрэл, хур тунадас ихсэх төлөвтэй

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвийг танилцууллаа. Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх бол бусад нутгаар дунджаар байхаар төлөвлөсөн байна. Харин хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Нэгдүгээр болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас төв, зүүн аймгийн нутгаар дунджаас ахиу орох нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ хур тунадын нэмэгдэл нь цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс үүдэн мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдүүлэх магадлалтай байна.
Эдгээр өөрчлөлт нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн болон эрчим хүчний хангамжид богино хугацааны хүндрэл учруулж болзошгүй учраас цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол авахыг зөвлөж байна.
Деталчлан авч үзвэл арванхоёрдугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Завханы зүүн хэсэг, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй ба хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох юм.
Нэгдүгээр сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Булганы зүүн хэсэг дунджаар, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадын хувьд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангайн ихэнх нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох юм.
Хоёрдугаар сард агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр дунджаар, бусад нутгаар дунджаас дулаан байх ба хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
