2027 оны нийслэлийн төсөв: орлого, зарлага болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

2026-11-24 17:00
20261124-170050-file.jpeg
2027 оны нийслэлийн төсөвт ₮4.6 их наяд орлого, ₮4.8 их наяд зарлага тооцоолсон бөгөөд авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтцэд голлон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

2027 оны нийслэлийн төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар (НИТХ) өргөн барьжээ. Төсвийг батлах хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 5-нд дуусах юм. Энэ өдрүүдэд төсөв НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

Ирэх оны нийслэлийн төсвийн орлогыг 4.6 их наяд төгрөг, зарлагыг 4.8 их наяд төгрөг байхаар тооцоолжээ. Төсвийн нийт орлогын 2 их наядыг татвар, торгуулиас төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Татварын эх үүсвэрүүдэд ААН-ийн орлогын албан татвар 1.4 их наяд төгрөг, авто тээврийн хэрэгслийн албан татвар 153.2 тэрбум төгрөг, хотын албан татвар 38.6 тэрбум төгрөг, авто зам ашигласны төлбөр 110 тэрбум төгрөг, хүүгийн орлого 121.3 тэрбум төгрөг, торгуулийн орлого 188 тэрбум төгрөг багтаж байна.

Автомашинтай иргэдэд хамааралтай авто зам ашигласны төлбөрийг энэ жил 105 тэрбум төгрөгөөр тооцсон бол ирэх жил 110 тэрбум болгож нэмэгджээ. Мөн авто тээврийн хэрэгслийн албан татварыг 134.9 тэрбум төгрөгөөс 153.2 тэрбум болгон нэмэгдүүлсэн байна. Харин торгуулийн орлого 196.8 тэрбум төгрөгөөс 188 тэрбум төгрөг болгон бууруулжээ.

Нийслэлийн Засаг дарга ирэх онд 4.8 их наядыг захиран зарцуулах эрхтэй бөгөөд урсгал зардлын дээд хэмжээ 1.8 их наяд төгрөг байна.

Төсвийн төсөлд тусгагдсанаар нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд 30.5 тэрбум төгрөг, хот нийтийн тохижилт үйлчилгээний салбарт 83 тэрбум төгрөг, шахмал түлш худалдан борлуулах үйл ажиллагаанд 76.8 тэрбум төгрөг, өвөлжилтийн бэлтгэлд 400 тэрбум төгрөг, нийтийн тээврийн машин цагийн зөрүүдийг нөхөхөд 414.3 тэрбум төгрөг, авто замын цэвэрлэгээ, арчлалтад 12 тэрбум төгрөг, газар чөлөөлсний нөхөн төлбөрт 200 тэрбум төгрөг тус тус төсөвлөжээ.

Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг, Адууны өдөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харуулахад 2026 оны наадамд зарцуулсан төсөв 5 тэрбум төгрөг байжээ.

2027 онд нийт 292 төсөл, арга хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн юм. Үүний ихэнх нь авто зам, нийтийн тээвэр, инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд чиглэнэ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэ барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна.

НИТХ-ын дарга 82.3 тэрбум төгрөгийг захиран зарцуулах бөгөөд урсгал зардлын хэмжээ 14.3 тэрбум төгрөг байна. Мөн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлд 68 тэрбум төгрөг хуваарилжээ.