Монгол, Хятадын 9 боомтоор 94.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэжээ

2026-11-06 10:00
20261106-100024-file.jpeg
Монгол, Хятадын хоорондын есөн авто замын боомтоор 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар 94.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн, үүнд 97 хувийг нь нүүрс эзэлж тээвэрлэсэн тухай мэдээлэл гарчээ.

Монгол, Хятадын хоорондын авто замын есөн боомтоор 2026 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар нийт 94.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэгдсэн байна. Үүнээс 91.7 сая тонн буюу 97 хувийг нүүрс эзэлжээ.

Энэхүү мэдээллийг Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны хурлын үеэр танилцуулсан бөгөөд уг хурал Улаанбаатар хотод болж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцжээ.

Түүнчлэн хурлын үеэр хоёр улсын таван боомтоор нийт 197,218 зорчигч улсын хооронд зорчсон байна.

Хуралд Монголын тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтрэхэд ашигладаг картыг сайжруулах асуудлыг хөнджээ. Монголын тээврийн хэрэгсэл Хятад руу болон Хятадаас ачаа тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн мэдээллээ бүртгүүлж, гаалийн хяналтын бүсэд нэвтрэх карт авдаг боловч энэ карт зөвхөн нэг боомтоор нэвтрэхэд хүчинтэй байдаг байна. Өөр боомтоор тээвэр хийхийн тулд өмнөх картыг хүчингүй болгож, шинээр авах шаардлагатай байдаг аж.

Хятадын тал энэхүү асуудлыг тус улсын Гаалийн байгууллага хариуцдагийг мэдээлж, зохицуулалтыг судлахад Монголын талаас тээврийн хэрэгслийн дугаар, картын дугаар, хилээр нэвтэрсэн хугацааны тодорхой мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна.

Мөн хамтарсан хуралд Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Хятадын нутаг дэвсгэр дэх олон улсын авто замын хураамж, 2027 оны зорчих зөвшөөрлийн бичиг солилцох асуудлыг хэлэлцжээ.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих