55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан 18–22 насны дөрвөн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчиллаа.
Сэжигтэн этгээдүүд бүлэглэн иргэдийн малыг бэлчээрээс нь хулгайлж, улмаар мал болон махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь мөрдөн шалгах явцад тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас хулгайд алдагдсан малын эздийг тогтоох, учруулсан хохирлын хэмжээг нарийвчлан гаргах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, олон тооны мал хулгайлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг.
Цагдаагийн байгууллагаас иргэд, малчдыг малаа байнгын хариулга, хараа хяналттай байлгахыг зөвлөж байна. Мөн мал, мах худалдан авч буй ченж болон иргэдийг малын гарал үүслийн бичиг баримтыг сайтар шалгахыг, сэжигтэй үйлдэл ажиглагдвал даруй Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг анхаарууллаа.
