Өндөр салхи, цасан шуургатай болон хүйтэн цаг агаар үргэлжилнэ

Өнөөдөр үдээс өмнө Завхан, Баянхонгор, Архангайн нутгаар, өдөртөө Баян-Өлгий, Увс, Өвөрхангай, Төв, Булган, Сэлэнгийн нутгаар, үдээс хойш Төв, Сэлэнгэ, Хэнтийн зарим сумд болон Хэнтийн нурууны орчмоор цас орно.
Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Бугант, Шарын гол, Баянгол, Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Тэрэлжийн орчмоор мөн цас орно.
Маргааш буюу 22-ны Пүрэв гаригт үдээс өмнө Баянхонгор, Өвөрхангайн нутгаар салхи шуургатай байх тул болгоомжтой байх шаардлагатай.
Өдөртөө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, мөн Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар салхины хурд секундын 14-18 метр хүртэл хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Пүрэвээс Баасан гаригт шилжих шөнө Алтай, Хангайн нуруу, Хархираа, Түргэний уулсаар шөнөдөө -18-22 градус, мөн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдын нутгаар -14-16 градусын хүйтэн байна.
Иймд орон нутгийн иргэд болон аялал зугаалгаар яваа хүмүүст сэрэмжлэхийг анхааруулж байна.
