Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Монголын залуучууд анхны ажилдаа бага хугацаанд тогтдог нь тодорхой болжээ

Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Монголын 18-24 насны залуучууд анхны ажлын байрандаа дунджаар 0.9 жил буюу ойролцоогоор 11 сар ажилладаг байна. Харин 30-аас дээш насныхны хувьд анхны ажилдаа дунджаар 3.6 жил ажиллаж байгаа нь ажиглагдсан юм. Энэ нь залуучуудын ажлын байрны шилжилтийн давтамж дээд үеийнхнээсээ гурав дахин өндөр байгааг илэрхийлж байна.
Судалгаагаар залуучуудын ажлын байрыг сонгох шийдвэрт цалингаас гадна ажилтнаа хүндэлдэг, таатай байгууллагын соёл хамгийн чухал нөлөөтэй болохыг тогтоожээ. Ажлын байрны тогтвортой байдал ч хэрэгцээтэй гэж үзсэн бөгөөд залуучууд сарын 500-600 мянган төгрөгийн цалингаа ажиллах таатай орчны төлөө, мөн сарын 300-400 мянган төгрөгийн нэмэлт тавихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Залуу ажилчдын анхны ажлаа орхих гол шалтгаан нь ажлын нөхцөлд сэтгэл хангалуун бус байдал, ар гэрийн үүрэг хариуцлага байжээ. Ажил олгогчдоос нийтлэгдсэн саналд цалингаас гадна ажилчдад ажлын утга учрыг ойлгуулах, ажилд оруулсан хувь нэмрийг тодотгох, мэргэжлээрээ өсөж дэвших боломжийг бий болгох шаардлагатайг онцолжээ.
Мөн хөдөлмөрийн зах зээлд орох босго өндөр байгаа нь залуучуудын хувьд сорилт болж байна. Их сургуулиа төгссөн залуусын 39 хувь нь эхний нэг жилийн дотор ажилтай болсон бол 18-29 насны ажиллагчдын 40 орчим хувь нь ажлаа гэр бүл, найз нөхдийн холбоогоор дамжуулж олсон нь албан ёсны хөдөлмөр зуучлал, мэдээллийн хүртээмж муу байгааг харуулсан юм.
Ажлын байрны шилжилтийн нэмэгдэл нь залуучууд тогтвортой ажиллах сонирхол багассан гэдгээр тайлбарлах боломжгүй бөгөөд ажил олгогчид өрсөлдөхүйц цалин, таатай байгууллагын соёл, тогтвортой гэрээ, чанартай дадлагажуулалт, ахиж дэвших боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэдэгт анхаарах хэрэгтэй байна.
Азийн Хөгжлийн Банк бодлого боловсруулагчдад сургуулиас хөдөлмөрийн зах зээлд шилжих тогтолцоо, мэргэжлийн сургалт болон хөдөлмөр зуучлалын үйлчилгээг сайжруулах шаардлагыг онцолсон юм.
Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотод 803 өрх, 816 хөдөлмөрийн насны иргэн, ажил олгогчдын ярилцлага, хөдөлмөрийн зах зээлийн тоон өгөгдлийг үндэслэн хийгдсэн байна.
