Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, ачаа тээврийн урсгалыг нийслэлийн төвөөр дамжин өнгөрөхгүй тойруулан тээвэрлэх, авто замын түгжрэлийг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг албан ёсоор ашиглалтад орууллаа.
III зэрэглэлийн уг төмөр зам нь 127 км урттай бөгөөд дэлгэмэл урт нь 177 км, 3 зөрлөг, 4 өртөөтэй. Найман байршилд нийт 1,279 метр урттай гүүрэн байгууламж баригдсан бөгөөд үүнээс Туул голыг гатлах 476 метр урт гүүр нь хамгийн урт гүүр болсон байна. Мөн өндөр нь 22 метр, урт нь 176 метр гүүр барьсан нь хамгийн өндөр байгууламж болжээ. Төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд ус өнгөрүүлэх, иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай нийт 127 ширхэг төмөр бетон хоолойг байгуулсан байна.
Төмөр замын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруй хугацаанд инженерийн дээд, доод бүтцийг гүйцэтгэсэн хүчин чармайлтыг онцолж хэлэв. Тэрбээр уг төмөр зам Улаанбаатар хотын өргөжилт, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход, экспорт, үйлдвэрлэл, худалдаа, тээврийн хэрэгцээг хангахад чухал нөлөөтэй гэдгийг тэмдэглэв. Мөн төмөр замыг хэвийн, найдвартай ажиллуулах, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн байна.
Төмөр замын эхний жилд 20 сая, цаашид 25 сая тонн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэхээр тооцоолсон бөгөөд энэ нь дунджаар хоногт 1,800 орчим том оврын автомашиныг хотын хөдөлгөөнөөс гаргахтай тэнцэнэ. Ингэснээр хот дундуур явдаг ачаа тээврийн урсгал, төмөр зам, авто замын огтлолцол дахь ачаалал, түгжрэл буурах тооцоололтой байна. Тухайлбал, төмөр замын гармуудыг хаах үед замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол одоо 21-120 минутаар богиносох тооцоо гарчээ.
Мөн 34 төрлийн тэсэрч дэлбэрэх аюултай ачааг нийслэлийн төвөөр дамжуулахыг зогсоож, төмөр замын 87.8 дугаар км-т олон төрөлтийн ачаа тээврийн, 102 дугаар км-т аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн 13 терминалыг үе шаттай нүүлгэн, газар ашиглалтанд нийтийн зориулалтыг хангах арга хэмжээ авахаар төлөвлөлт хийгдээд байна.
Энэхүү төмөр зам нь Хөшигийн хөндийд байрладаг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай холбогдсон тээвэр, логистик, худалдаа, үйлдвэрлэл, чөлөөт бүс, дагуул хотын хөгжлийн суурь болно. Бүтээн байгуулалтад үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, 4,000 гаруй инженер, техникийн ажилтан, түүний дотор орон нутгийн 1,000 гаруй хүн оролцож, 1,500 гаруй машин механизм, техник тоног төхөөрөмж ашигласан байна.
