Баян-Өлгийд “Цэрэг эх оронч үзэл-Цэрэгжилтийн хичээл” ирэх жилээс нэвтрэнэ

Баян-Өлгий аймагт хүүхэд, залууст эх оронч үзэл, хүмүүжил, сахилга хариуцлага, иргэний хамгаалалтын мэдлэгийг багаас нь төлөвшүүлэх зорилготой “Цэрэг эх оронч үзэл-Цэрэгжилтийн хичээл”-ийг ирэх жилээс хичээллэхээр төлөвлөжээ.
“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг Баян-Өлгий аймагт үргэлжилж байгаа бөгөөд уг арга хэмжээг Хангайн болон баруун аймгуудад зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут төрийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучуудтай уулзаж, УИХ, Засгийн газар болон Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Цэрэг эх оронч үзэл-Цэрэгжилтийн хичээл”-ийг Гэр бүл, хүүхэд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтран сэргээж, энэ жилээс нийслэл болон орон нутгийн таван ерөнхий боловсролын сургуульд туршилтын журмаар хичээллүүлж эхэлсэн гэдгийг онцлов.
Уг хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн түвшинд “Миний эх орон” хичээлийг, бага боловсролд хүндлэхуйн ухаан, иргэний ёс зүйг, суурь боловсролд Монгол цэргийн түүхийг, ахлах ангиудад цэрэг-иргэний хамгаалалтын бэлтгэлийн агуулгыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр хүүхэд, залуусыг эх оронч үзэлтэй, сахилга хариуцлагатай, аливаа эрсдэлд бэлтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймагт эх оронч үзэл, хүмүүжлийн хичээл, цэрэгжилтийн дадлага, зэвсэг, уулын хэрэгслийн үзэсгэлэн, Цэргийн төв эмнэлгийн үзлэг, Батлан хамгаалахын төв архивын үйлчилгээ зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний нээлтэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс болон орон нутгийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд, хүүхэд, залуучууд оролцож байна.
