Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн экспедиц Халхголд үргэлжилж байна

2026-09-13 15:001min
20260913-150029-file.jpeg
Монгол, Оросын цэргийн археологийн хамтарсан тав дахь экспедицийн баг Дорнод аймагт 78 дайчны шарил илрүүлж, байлдааны үеийн олон тооны сум, галт хэрэглэл олжээ. Нөхөн сэргээлтийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын цэргийн археологийн хамтарсан тав дахь экспедицийн хайгуулын баг Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул, малтлагын ажлыг амжилттай үргэлжлүүлж байна.

Хамтарсан баг Халхын голын байлдааны талбарт хийсэн нарийвчилсан судалгааны хүрээнд 78 дайчны шарилын үлдэцийг илрүүлжээ.

Түүнчлэн тухайн үеийн байлдааны ажиллагаанд ашиглагдсан 12 төрлийн нийт 3073 гаруй сум, галт хэрэглэл болон мина, тэсрэх зүйлс олж тогтоосон байна.

Хайгуулын баг малтлага хийсэн талбайн ухсан газруудыг эргэн булж, байгаль орчны нөхөн сэргээлтийг чанартай, цаг хугацаанд нь хийж байгаа юм.

Энэхүү экспедицийн ажил төлөвлөгөөний дагуу амралтын өдрүүдэд дуусах бөгөөд Монгол, Оросын хамтарсан энэхүү төсөл нь дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, тэдний шарилыг эргэн нутаглуулах болон цэргийн түүхийн судалгааг баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.