“Оюу Толгой”-н хэлэлцээрийн үр дүн болон Монголын баялгийн удирдлага

2026-09-13 18:001min
20260913-180022-file.jpeg
“Оюу Толгой” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Мэндтүвшин хэлэлцээрийн үр дүнг танилцуулжээ. Зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулсан бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлтүүд хууль ёсоор батлагдлаа.

“Оюу толгой” компанийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Мэндтүвшин баасан гарагт болсон хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.

Э.Мэндтүвшиний хэлснээр, “Оюу Толгой” компанийн зээлийн хүүгийн хэмжээг 2024 онд Рио Тинто-д төлж байсан ойролцоогоор 12 хувиас 7.9 хувь болгон бууруулсан байна. Мөн Рио Тинто-д төлдөг байсан менежментийн үйлчилгээний төлбөрийг 6 хувиас 3.95 хувь болгож бууруулжээ.

2025 оны наймдугаар сараас эхэлсэн хэлэлцээрийн үр дүн нь үндсэн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар хууль ёсны дагуу баталгаажсан бөгөөд энэхүү өөрчлөлтүүд албан ёсоор гэрээнд тусгагдсан байна.

Энэ нь Монгол Улсад шууд эерэг үр дүн авчирсан бөгөөд улс орон бүх шатандаа нэг зорилготой, нэгдмэл байр суурьтай ажилласны үр дүн хэмээн тэрээр онцолсон байна.

Э.Мэндтүвшин хэлэлцээрт оролцсон болон дэмжлэг үзүүлсэн бүх талуудад талархлаа илэрхийлж, “Оюу Толгой” компанийн Монгол Улсад өгч буй үр өгөөжийг нэмэгдүүлэх ажил энд дуусаагүйг онцоллоо.

Тэрээр, баялгийн хяналтын механизмыг сайжруулж, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэн, улс төрөөс хараат бусаар тогтвортой институци бий болгохоор тус төсөл үргэлжилж буйг тэмдэглэжээ. Мөн төрийн өмчит компаниудын шинэчлэл үүний нэг хэсэг болохыг дурдав.