Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын явцтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их тэнгэрийн аманд баригдаж буй Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тэрбээр музейн барилгын ажлыг чанартай барьж дуусгахад онцгой анхаарахыг холбогдох сайдууд болон гүйцэтгэгч компаниудад үүрэг болгосон байна. Музейн сан хөмрөгийг баяжуулах, үзэсгэлэн дэглэлт, хадгалалт-хамгаалалт, интерактив үзүүлэн, боловсролын хөтөлбөрүүдийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэхэд анхаарал хандуулна гэдгийг дурьдсан.
Мөн хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай боловсон хүчнийг гадаад орнуудад бэлтгэх асуудалд онцгой анхаарал тавих хэрэгтэй гэж тэмдэглэв.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Их тэнгэрийн аманд зориулалтын бус ашиглагдаж байсан газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн авч, Байгалийн түүхийн музей байгуулах шийдвэр гаргасан юм.
2024 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил 6.6 га газарт баригдах бөгөөд музейн барилгын хэмжээ 45 мянга орчим хавтгай дөрвөлжин метрт хүрнэ.
Монгол Улсад анх удаа томоохон байгалийн шинжлэх ухааны музей баригдаж байгаа нь Ази тивийн хэмжээнд байгалийн музейн тоонд дунджаар долоодугаарт орно.
Таван блок бүхий барилгын угсралтын ажил өнөөдрийн байдлаар 83 хувьтай үргэлжилж, ирэх онд дуусгахаар төлөвлөжээ. Барилгын ажил дууссаны дараа музейн дотоод засал, үзүүлэг дэглэлтийн ажил хийгдэнэ.
Үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг Шинжлэх ухааны академийн долоон хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС-ийн нийт найман дэд ажлын хэсэг боловсруулж, гүйцэтгэл нь 98 хувьтай байна.
Музей нь виртуал орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий гучин долоон байнгын үзүүллэгийн танхимтай болно. Мөн түр үзэсгэлэнгийн танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, 500 орчим автомашины зогсоолтой байхаар төлөвлөгдсөн байна.
Үзэсгэлэнгийн танхимууд нэг дор дунджаар 2,500-3,000 хүн багтааж, өдөрт 3,500-5,000 зочин хүлээн авах хүчин чадалтай юм.
Энэхүү музей нь шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгалийн экологи, экосистем, хувьсал өөрчлөлтийн талаарх мэдлэгийг түгээж, хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлах үзэл төлөвшүүлэхэд чиглэнэ.
Түүнчлэн байгаль, соёлын өвийг цуглуулан хадгалж, судалж сурталчлах, байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, уур амьсгалын хариуцлагатай хандлагыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Музейн барилгын зураг төслийг “Хатанбаатар” ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байгаа юм.
Ерөнхийдөө Байгалийн түүхийн музей нь 1924 онд үндэс сууриа тавьж, 1956 онд шинэчлэгдсэн түүхтэй бөгөөд 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс салж тусдаа байгууллага болсон билээ.
Одоогоор музей нь байгалийн 12 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйлсийг нийтэд толилуулж, судалгаа шинжилгээний ажлыг явуулж байна.
