А.Ишдоржид 12 жил 1 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг хаслаа

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийг хахууль авсан хэргээр 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаад байна.
Тус хэрэг нь Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн юм.
“Бако констракшн” ХХК нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 15 ортой эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг нэг тэрбум 356 сая төгрөгөөр барихаар гэрээ байгуулсан байжээ.
А.Ишдорж нь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус компанийн захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү н.Отгонбаатарын Хаан банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэргээр яллагдагчаар татагдсан байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн А.Ишдоржийг “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэм буруутайд тооцсон бол Т.Баатарсүрэнг мөн хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон байна.
Ял үйлчлэл нь хаалттай хорих ангид эдлүүлэх шатандаа байгаа юм.
