Ерөнхий сайд Н.Учрал: Байгалийн хийн төсөл гурван улсын хамтын ажиллагаанд шинэ боломж нээж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд илтгэл тавьж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохыг зорьж байгаагаа онцлов. Тэрээр төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван улсыг холбосон авто замын сүлжээ, хил дамнасан тээврийн дэд бүтэц, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, тээврийн хугацаа, зардлыг бууруулж, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг сайжруулах боломж олгоно гэдгийг дурдав.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх төсөл нь гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд стратегийн шинэ боломж нээж, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлд урт хугацааны харилцан үр өгөөжтэй байх боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр болон бусад томоохон төслүүдийг харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны зарчмыг баримтлан урагшлуулахыг зорьж байгаагаа илэрхийлэв.
Үүний дараа тэрээр ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай уулзаж, Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн түлш шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах асуудлаар санал нэгдсэн байна.
