Улирлын томуугийн дархлаажуулалт 2026 онд эрт эхэллээ

2026-09-03 20:001min
20260903-200040-file.jpeg
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг 2026 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж, зорилтот бүлгийн хүн амыг томуугийн дэгдэлтээс өмнө вакцинжуулах зорилготой зохион байгуулж байна.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 2026 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхэлж байна. Дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилготойгоор өмнөх жилүүдээс эрт эхлүүлж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээлтийн үеэр томуугийн дэгдэлт ихэвчлэн 10 дугаар сараас эхэлж, 1-2 дугаар сард оргил үе рүү ордог учраас вакцинжуулалтыг эрт эхлүүлж зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад анхаарч байгааг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулснаас хойш энэ жил вакцины тоог 500 мянган хүн тунаар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлжээ.

Өнгөрсөн жил зорилтот бүлгийн хүн амын 99 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд энэ жил вакцины хүн тунг нэмэгдүүлж, томуугийн улирал эхлэхээс өмнө бүх зорилтот иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулахаар зохион байгуулж байна гэж Э.Батшугар сайд онцлов.

Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн центр вакцинаар вакцинжуулалтыг хийж байгаа бөгөөд Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангийн дамжуулан худалдан аваад байна. Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийж байна.

Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрт хийх нь эрсдэлт бүлгийн хүн амыг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. 2024/2025 оны томуугийн улирлын судалгаагаар, 1-5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарсан байна.

2026 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгж, 1300 гаруй эмч, мэргэжилтэн зорилтот бүлгийн хүн амд томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эрүүл мэндийн яам иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн халдвар болон хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.